“Эко Туул-2020” хяналт шалгалтын ажиллагаа явуулав

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-04-08 10:14:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туул голын ай сав газрыг бохирдлоос хамгаалах, хог хаягдал хаясан иргэн, ААН-ийг олж тогтоон хариуцлага хүлээлгэх зорилгоор “Эко Туул-2020” ажиллагааг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулав.


Тодруулбал,  Монголын Байгаль орчин-иргэний зөвлөл” ТББ Туул голын сав газрын захиргаа, Экологийн цагдаагийн алба хамтран Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Гачууртын хар хошуунаас Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр Био-Комбинатын модон гүүр хүртэл голын эрэг дагуу шалгалт хийжээ.


Хэсэгчилсэн үйл ажиллагааны хүрээнд голын эрэг дагуу гэр бүлээрээ агаар, салхинд гарсан иргэдтэй хог хаягдал, байгаль орчноо хамгаалах талаар ухуулга яриа хийж, хог хаягдал хаясан, иргэнд хариуцлага тооцох тухай хуулийн заалт бүхий санамж, материал тараасан байна.


Хяналт шалгалтаар Баянзүрх 11
-р хороо Хүрхрээ амны харалдаа хэсэгт, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд голын эрэг дагуу их хэмжээний барилгын хог хаягдал хаясан зөрчлийг бүртгэжээ.
Мөн Баянзүрх 11-р хороо “Хүрхрээ ам”-ны харалдаа хойд хэсгийн усан сан бүхий газарт ISUZU/миксер/ маркийн тээврийн хэрэгслийн жолооч С нь бетон зуурмагийн үлдэгдэл угаадсыг зохих зөвшөөрөлгүй асгасан, мөн Баянзүрхийн товчооны хэсэгт, Туул голын гүүрний баруун урд хэсэгт иргэн М нь жолоодож явсан тээврийн хэрэгслээ голын усанд угаасан зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.


Сонгинохайрхан дүүргийн 20 хороо Сонсголонгийн замаас баруун тийш 2 км орчим зайд мөн “HYUNDAI /миксер/ маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б нь бетон зуурмагийн үлдэгдэл угаадсыг зөвшөөрөлгүй асгасан зэрэг зөрчлийг илрүүлэн хуульд зааснаар хариуцлага тооцон ажиллав.

Зөрчлийн тухай хуулийн Усны тухай хууль зөрчих хэсэгт: Усан сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгон хариуцлага хүлээлгэж буй юм.


Холбоотой мэдээ