Булган боомтоор тээвэрлэлт хийх бэлтгэл ажилтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-08 15:03:51

Ховд /МОНЦАМЭ/. Хилийн боомтуудаар газрын тос, нүүрс болон бусад тээвэрлэлтийг нэвтрүүлэх болсон.

Үүнтэй холбогдуулан ЗТХЯ болон Ховд аймгийн Оцгой комиссын ажлын хэсэг хамтран дөрөвдүгээр сарын 04-05-нд Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын ачаа тээвэрлэлтийг эхлүүлэх бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцжээ.

Ингэхдээ "Мо-Эн-Ко" ХХК-ийн нүүрс, "Эй-Эл-Жи-Ти" ХХК-ийн төмрийн хүдэр экспортлох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Мөн “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг дүгнэсэн байна.
Энэ үеэр Ховд аймгийн Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын ачаа тээвэрлэлтийг эхлүүлэх асуудлаар ажлын хэсгийнхэн болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтын үр дүнд талууд Булган боомтоор богино эргэлтийн тээвэр хийх тухай шийдэлд хүрчээ. Мөн Булган боомтоор дамжуулан тээвэрлэлт хийхэд анхаарах зарим асуудлын талаар санал гаргаж, аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагад танилцуулсан аж. 

Иймд Булган боомтоор нүүрс, төмрийн хүдрийн тээвэрлэлт хийхдээ юунд анхаарах, холбогдох байгууллагуудад ямар үүрэг чиглэл өгсөн тухай өнөөдөр Ховд аймгийн Автотээврийн төвийн дарга Н.Ирэхзаяагаас тодрууллаа.


Булган боомтоор өдөрт 35-40 машин нүүрс, 10 орчим машин төмрийн хүдэр тээвэрлэх төлөвтэй байна 


Нүүрсний тээвэрлэлтийг зохион байгуулахдаа Ховд аймгийн Үенч сумын нутагт орших Гаалийн хяналтын талбайг ашиглахаар болсон.

Харин төмрийн хүдрийн тээвэрлэлт хийхдээ Булган сумын Цоохор нуур гэх газарт орших Гаалийн хяналтын талбайг ашиглана.

Эдгээр гаалийн хяналтын талбайг ашиглах боломжгүй тохиолдолд Булган боомтын орчим, Автозамын гуравдугаар хаалт гэх газарт жолооч нарын амрах түр байр \кемп\ байгуулахаар тохиролцсон.

Уг гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлийг аймгийн Онцгой комиссоос Үенч сумын Засаг дарга болон "Мо-Эн-Ко" ХХК-ийн удирдах ажилтнуудад өгөх юм.

Урьдчилсан байдлаар өдөрт 35-40 машин нүүрс, 10 орчим машин төмрийн хүдэр тээвэрлэж хилийн боомтоор нэвтрэх төлөвтэй байгаа. Ингэхдээ жолооч нар богино эргэлтийн тээвэр хийх замаар хоорондоо харилцаа үүсгэхгүй, солигдох зарчмаар ажиллана хэмээв.

Жолооч нар амрах түр байр болон Хятадын талын нүүрс, төмрийн хүдэр хүлээн авах цэг хүртэл тээвэрлэлт хийхдээ хоорондоо харилцаа үүсгэхгүйгээр гүйцэтгэнэ. Жолоочийг Хятадын талд буулгахгүй өдөрт нь буцаан гаргах зохион байгуулалтын зураглал боловсруулж, мөрдөн ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагад үүрэг болгожээ.


"Мо-Эн-Ко" ХХК дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор хэд хэдэн ажил хэрэгжүүлэх тухай үүрэг чиглэл өгчээ


Үүнд: -Шинэ төрлийн коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед тухайн иргэдийг тусгаарлах байр бэлтгэн хаягжуулах, бүс татах

-Бие засах газар болон хогийн цэгийг Үенч, Булган сумын гаалийн хяналтын бүсэд байгуулах ажлыг аймгийн МХГ, ЭМГ-ын хяналт дор зохион байгуулах

-Дотоодын болон улс хоорондын тээвэрлэлт  гүйцэтгэж буй жолооч нар Гаалийн хяналтын талбай эсвэл Автозамын гуравдугаар хаалт гэх газар орчим амрах түр байранд хоорондоо харилцаа үүсгэхгүй байх талаар зохион байгуулалтын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

-Тээврийн хэрэгслийн ариутгалын цэгийг хилийн боомтод байгуулж, салхинаас хамгаалах, битүүлэх ажил өрнүүлэх

-Ариутгалын бодисын нөөц бүрдүүлэх

-Хилийн боомтоос Үенч, Булган сум дахь Гаалийн хяналтын талбай болон Автозамын гуравдугаар хаалт гэх газарт  жолооч нарын амрах байранд цагдаа, онцгой байдлын газрын алба хаагчид хяналт тавьж ажиллана. Иймд хоол, байр, унааны асуудлыг бүрэн шийдвэрлэх

-Боомтод ажиллаж буй хилийн хяналтын байгууллагуудын ажилтан, алба хаагчдыг хамгаалах хувцас, хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэх

-Нүүрс болон төмрийн хүдрийн тээвэрлэлт  гүйцэтгэх автомашины бүхээгний хөргөлтийн системийг тогтмол ажиллуулах

-Сэжигтэй тохиолдол илэрсэн үед тухайн иргэнийг тусгаарлах байрыг Гаалийн хяналтын талбай болон Автозамын гуравдугаар хаалт гэх газрын ойролцоо засаж бэлтгэх

-Нүүрс болон төмрийн хүдэр тээвэрлэж буй автомашин эвдэрсэн тохиолдолд  хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах  зэрэг  үүрэг чиглэлийг "Мо-Эн-Ко" ХХК-ийн удирдах ажилтнуудад өгсөн аж.

Харин МХГ, ЭМГ-т: -Тээвэрлэлтийг  эхлүүлэх бэлтгэл ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор хангуулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам”-ыг хэрэгжүүлэн ажиллах

-Шинэ төрлийн коронавирусний халдварын эрсдэлтэй үед иргэнийг тусгаарлах, ажиглах журмын хэрэгжилтийг хангах

-Үенч, Булган сум дахь Гаалийн хяналтын талбай болон Автозамын гуравдугаар хаалт гэх газар орчимд жолооч нарын амрах байранд эмч нарыг ээлжээр ажиллуулах

Мөн дотоодын болон улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нарыг хоорондоо харилцаа үүсгэхгүй байхад хяналт тавих

-Хилийн боомтод хяналт шалгалт хийх зураглал боловсруулж, мөрдөн ажиллах

-Сэжигтэй тохиолдол илэрсэн үед тухайн иргэн болон түүнтэй харилцсан хилийн хяналтын байгууллагын ажилтнуудыг тусгаарлах байранд хүргэх төлөвлөгөө гаргах зэрэг үүрэг чиглэл өгчээ.

Эдгээр ажил бүрэн хэрэгжсэн тухай "Мо-Эн-Ко" ХХК болон "Эй-Эл-Жи-Ти" ХХК-аас аймгийн Онцгой комисст мэдэгдсэний дараа ажлын гурван хоногт багтаан дахин хяналт шалгалт хийнэ.

Улмаар бэлтгэл бүрэн хангагдсан тохиолдолд хилийн боомтоор дамжих тээвэрлэлтийг эхлүүлэх талаар Улсын Онцгой комисс болон Зам тээврйн хөгжлийн яаманд албан ёсоор мэдэгдэж, шийдвэрлэхээр болсон гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, салбарын яамнаас өгсөн чиглэлийн дагуу нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах боломж, гарц байгаа талаар аймгийн удирдлагууд нарийвчлан судална.

Улмаар аймгийн Онцгой комиссын хуралд нээлттэй танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулах асуудлыг тус тус хэлэлцэх аж. Цаашид хилийн боомтоор дамжих нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулахдаа иргэд олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, зохих оновчтой шийдвэрүүдийг гаргана хэмээн албаныхан ярилаа.  


Холбоотой мэдээ