Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн том хаш чулуун толь

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2020-04-09 11:18:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ нь одоогоор Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдоод байгаа хамгийн том хэмжээтэй цорын ганц халтар цагаан хаш чулуун толь юм. Эртний Хүннүгийн хаад язгууртнууд хаш толийг сүр хүчний бэлгэ тэмдэг болгон хэрэглэдэг байжээ.


Хожим Монголын эзэнт гүрний үед буюу 13-14-р зуунд Монголын хаад иймэрхүү дугуй хаш толин тээгийг бүснээсээ зүүн хэрэглэж байсан сурвалжийн мэдээ байдаг аж. Улаанбаатарын их сургуулийн археологийн баг 2011 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь "Гол мод-2"-ын 1-р язгууртны булшны модон бунхан доторх авсны хананаас энэхүү гайхамшигт дурсгалыг илрүүлсэн байна.


Тус олдвор нь 22,8 см өндөртэй, 18,5 см дугуй голчтой, хаш толины дээд хэсэг 15 см өргөн, 4,5 см өндөртэй, 2 см дугуй голчтой төгрөг дүрсийг хоёр талаас нь үмхсэн нэг эвэрт хос ирвэсийн төрлийн амьтанг ижил хэмжээтэйгээр угалзлан хээлсэн. Хаш толины дотор тойрсон давхар төгрөг дотор 8 араатанг тойруулан дүрслэхдээ цээж, бөгс нь хаш толины хоёр талд харагдахаар сүлбэлдүүлэн уран нарийн сийлжээ. Хаш толины голын нүхийг тойруулан будаа мэт товнуудыг яг ижил хэмжээтэйгээр 112-126 ширхгийг товойлгон гаргажээ.


"Монгол улсын нутаг дэвсгэрт явуулсан Хүннүгийн археологийн малтлага судалгааны ажлын явцад нэг бус удаа  цагаан хаш чулуун эдлэл олсон бөгөөд эртний Хүннү нар цагаан хашаар аяга, соёо хэлбэрийн хүзүүний зүүлт, хаш толь зэрэг зүйлийг урлаж хэрэглэж байжээ" гэж тус судалгааны багийг удирдсан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар ярилаа.



  

Ташрамд дурдахад, монголчууд маш эрт дээр үеэс чулууны хатуу, зөөлөн мөн чанар, хүний биед нөлөөлөх байдлыг нарийн мэддэг байсан учраас төрөл бүрийн эрдэнийн чулуугаар ахуйн хэрэглээний болон гоёл чимэглэлийн зүйл хийж хэрэглэж ирсэн уламжлалтай. Тухайлбал, цагаан хаш чулуу хүний биед илэрдэг зарим нэг өвчнийг "мэдэрч" өнгөө хувиргадаг учраас ийм эдлэлийг биедээ авч явдаг байжээ.





Холбоотой мэдээ