Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МИНСК, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /DW/. Беларусийн Ерөнхийлөгч Александр
Лукашенко Украины 31 иргэнд өршөөл үзүүлсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын
хэвлэлийн төлөөлөгч Наталья Эйсмонт бямба гарагт мэдээлжээ.
Энэхүү шийдвэрийг АНУ-ын
Ерөнхийлөгч Д.Трамп, Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко нарын тохиролцоо болон Украины
талын хүсэлтийн дагуу, дайныг зохицуулах нөхцлийг бий болгох зорилгоор гаргасан
гэдгийг хэвлэлийн төлөөлөгч дурдлаа.
Түүний хэлснээр, Лукашенко “бүс нутагт нөхцөл байдлыг тогтворжуулахын төлөө, улс хоорондын яриа хэлэлцээны механизмыг бий болгохын төлөө, маргаантай бүх асуудлыг энхийн замаар зохицуулахын төлөө тууштай зогсож” байна. Мөн улс орнуудтай, ялангуяа АНУ-тай хийж буй хэлэлцээ идэвхтэй үе шатандаа орсон гэдгийг Н.Эйсмонт онцлон тэмдэглэлээ.
Үүний сацуу олзлогдсон цэргийн
албан хаагчидтай харилцах асуудал эрхэлсэн Украины зохицуулах штаб Беларусийн
талын мэдэгдлийг баталсан байна. “Беларусийн нутагт дэвсгэрт саатуулагдаж, 2-11
жилийн хорих ялаар шийтгүүлсэн эрэгтэй, эмэгтэй иргэд Украинд эргэн ирж байна”
гэж штабын Телеграм сувгийн хуудсанд мэдээлжээ.
Үүний өмнөхөн, 20-ны өдөр Беларусийн католик
шашны санваартнууд болох Генрих Околотович, Анжей Юхневич нарыг Лукашенкогийн зарлигаар өршөөн сулласан
тухай мэдээлэл цацагдсан байна. 10
дугаар сард Ромын Папын бие төлөөлөгч, кардинал Клаудио Гужеротти Беларусьт
айлчлах үеэр тэднийг суллах талаар тохиролцоонд хүрчээ.
Околотовичид 2024 оны 12 дугаар
сард “Польш, Ватиканы өмнөөс тагнуул хийсэн” гэх хэргээр 11 жилийн хорих ял
оноосон бол Юхневичийг “насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон” гэж
буруутган 13 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Беларусийн хүний эрхийг хамгаалагчид
тэднийг “улс төрийн хоригдлууд” гэж үзсээр ирсэн юм.
Улаанбаатар