Шүрэнгийн голд усан цахилгаан станц барихаар судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 13:49:35

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр дээр Шүрэнгийн усан цахилгаан станцыг барих нь хамгийн тохиромжтой хэмээн судалгааны багийнхан үзлээ.

Тус сумын Шүрэнгийн голыг түшиглэн барих усан цахилгаан станцын асуудлаарх хэлэлцүүлэг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд өнгөрсөн 7 хоногт боллоо. Уг станцыг Цагааннуур суманд баривал хамгийн тохиромжтой хэмээн хэлэлцүүлгийн үеэр хөндсөн юм. Тус станцын нийт хүчин чадал нь 244 МВт байх аж. Тухайн цэгт 65 метрийн өндөртэй, 1230 метрийн урттай далан байгуулах гэнэ. Төлөвлөгөө ёсоор бол “Шүрэнгийн УЦС” нь жилдээ 50-60 сая долларын цахилгаан борлуулах боломжой юм байна. Уг УЦС-ын хүрээнд 4.8 тэрбум м3 ус хуримтлуулах бөгөөд энэ нь үлэмж том усан сан үүснэ гэсэн үг ажээ. Тэр хэрээр 20300 га талбай усанд автахаар байгаа гэлээ. Энэхүү УЦС-ын ус хуримтлуулах талбай нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Хушаат, Цагааннуур сум, Булган аймгийн Хангал, Сэлэнгэ сумыг дайрах юм байна. 

Манай улс дотоодын цахилгааны хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй байгаагаас ОХУ-аас жил бүр олон арван тэрбум төгрөгийн эрчим хүч импортолж авдаг байна. Тухайлбал 2014 онд ОХУ-аас нийтдээ 287 сая КВт.цаг эрчим хүчийг 57 тэрбум төгрөгөөр импортолжээ. Түүнчлэн 1997 оноос хойш ОХУ-аас нийтдээ 320 сая долларын өртөг бүхий эрчим хүч аваад байгаа аж. Иймээс Эгийн гол болон Шүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад ороод эхэлвэл манай улс эрчим хүчээ 100 хувь дотоодоосоо хангах боломжтой гэдгийг судалгааны багийнхан энэ үеэр хэллээ. Төслийн ажил нь одоогоор судалгааны шатандаа явж байгаа бөгөөд 2 жил үргэлжлэх гэнэ. Судалгааны явцад нөлөөлөлд буй орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсож, бүр нарийвчилсан судалгаанууд хийх ажээ. Энэхүү Шүрэнгийн усан цахилгаан станцын боомтыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд барих урьдчилсан төлөвлөгөөтэй гэнэ. Судалгаагаар боомт барих бүсд одоогоор 113 өрхийн  475 иргэн амьдарч, 56 өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн 778 га талбай ашиглагдаж байгаа аж. Судалгааны ажил дуусаад төсөл хэрэгжээд эхлэхээр аймаг орон нутгийн удирдлагууд, ард иргэдтэй зөвшилцөж, газрын тухай хуулийн дагуу нөхөн төлбөр олгох, эсвэл ижил хэмээний үржил шимтэй газар луу нүүлгэх зэрэг арга хэмжээ авах юм байна. Цагааннуур сумын “Атар” бригадын газрын 80 гаруй хувь нь тус бүсд хамаарагдаж байгаа гэлээ.

Уг усан цахилгаан станцыг барьснаар Хөвсгөл нуурын хэмжээний нуур тогтож, аялал жуулчлал хөгжих, бүтээн байгуулалтын ажлууд өрнөх, ажлын байр шинээр бий болох зэрэг эерэг үзүүлэлтэй байна. Харин сөрөг тал нь гэвэл Шүрэнгийн голын загас жараахай, зарим төрлийн ховор эмийн ургамал устаж болох талтайг судалгааны багийнхан хэллээ. Энэ усан цахилгаан станц нь Монгол Улсын эрчим хүчний салбарт томоохон хөгжил авчирч байгаад нутгийн иргэд олзуурхсан. Харин нутгийн иргэдийг хохироохгүй, айдас, түгшүүргүй нөхцөлөөр хангаж ажиллахыг санууллаа.    

Монгол Улсын Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчээр хангах бодлогынхоо хүрээнд усан цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэхээр судалгааны багууд ажиллуулж байгаагийн нэг нь энэхүү Шүрэнгийн усан цахилгаан станц юм.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ