Цаг агаар дулаараад хүмүүс гадуур амны хаалтгүй их явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-09 13:04:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч Е.Сауле аймгийн иргэдэд амны хаалтаа тогтмол зүүхийг анхааруулав.

"Цаг агаар дулаараад хүмүүс гадуур амны хаалтгүй явж байна. Ард иргэдэд хандаж хэлэхэд, анхаарлаа битгий сулруулаарай. Нэг нэгэндээ амны хаалт зүүхийг шаардаарай. Эрүүл мэндийн сайдаас эхлээд бүх эмч нарын өгч буй зөвлөмжийг мөрдөн ажиллах хэрэгтэй байна. Хүүхдүүд бөөнөөрөө энэ тэнд их явж байна. Эрүүл мэндийн ажилтнууд уриалга гаргаад, сурталчилгаа хийгээд ч дийлэхгүй байна. Аймгийн Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудын COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжин байгууллагууд, иргэд, эцэг эхчүүд нэг нэгэндээ шаардлага тавьж дөрөв, тавдугаар сарыг тэвчээртэйгээр давж гаръя. Худалдаанд амны хаалт байна. Тусгаарлан ажиглах байрнаас хүмүүсээ гаргаад л тайвширч болохгүй. Нүүдлийн шувууд ирж байна. Халдвар агаар дуслын, хавьтлын замаар тархдагийг мартаж болохгүй" хэмээн тэрээр сэрэмжлүүллээ.

 



Холбоотой мэдээ