Цахим захидлын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-04-09 17:31:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран "Хүүхэд-Эрхэм хэрэглэгч" үйл ажиллагааны хүрээнд "Миний Гэр-Аюулгүй орчин" сэдэвт цахим захидлын уралдаан зохион байгуулсан. Уг уралдааны ахлах ангийн төрөлд Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн сурагч Гантөмөрийн Мядагмаа амжилттай оролцож гутгаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.

Өнөөдөр цахим захидлын уралдаанд амжилттай оролцсон Г.Мядагмаад аймгийн Засаг дарга С.Насанбат баяр хүргэн өргөмжлөлийг гардуулан өглөө. “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” үйл ажиллагааг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү цахим захидлын уралдаан нь томчуудын зүгээс хүүхдийн санал хүсэлтийг сонссон нэгэн чухал ажил болсноороо онцлогтой аж. Уралдаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн ЕБС-ийн ахлах ангийн 890 сурагч оролцсон байна. Захидлыг нэг бүрчлэн уншиж 4 үе шатаар үнэлэн дүнг гаргажээ.

Зохион байгуулагчдын зүгээс шалгарсан захидлуудаар цахим эмхэтгэл гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ нь эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч багш нарт тус уралдаанд оролцсон хүүхдүүдэд тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл өгөх, бусад сурагчид өөрт тулгарсан асуудлуудыг зөв шийдэх мэдлэг, гарцыг бий болгох ач холбогдолтой гэж дүгнэж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ