Тувад коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан сэрэмжлүүлэг гаргалаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-04-10 12:24:35

Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун,  Давст, Сагил, Бөхмөрөн сумтай хиллэдэг ОХУ-ын Тува улсад коронавирусний халдвар илэрсэн байна. Тодруулбал, Тува улсын Тоджи районы Ырбан тосгонд нэг гэр бүлийн 8 хүн коронавирусний халдвар авчээ. Энэ тухай Тува улсын Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-Оол өнөөдөр мэдэгджээ. Тэрбээр:

“Эдгээр хүмүүс нь 3-р сарын 21-нд Красноярскийн хязгаараас ирсэн төрийн байгууллагын ажилтнаас халдвар авсан байна. Энэ хүн Москвагаар дамжиж Тувад ирсэн ба тэндээс халдвар авчээ. Ырбан тосгонд түүний гэр бүлийн 8 хүн /4 насанд хүрсэн хүн, 8 сараас 12 насны 4 хүүхэд/ халдвар авчээ. Эдгээр 8 хүн болон ойрын хавьтлын 67 хүнийг Ырбан тосгоны эмнэлэгт эмчийн хяналтан дор тусгаарлаад эмчилгээ хийж байна. Мөн хавьталд орсон байж болзошгүй 309 хүнийг хайж илрүүлэн бүгдээс нь шинжилгээний дээж авсан. Одоогийн байдлаар Тува улсын Тоджи район руу орох 3 гол замыг хааж, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад бүх албан газрыг хаагаад байна" гэж Тува улсын Засгийн газрын тэргүүн иргэддээ хандаж мэдээлэл хийсэн байна.

Энэ дагуу Увс аймгийн Онцгой комиссоос өнөөдөр сэрэмжлүүлэг мэдээллийг гаргаж, аюулт тахлаас хайртай гэр бүлээ хамгаалан амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврээ сайтар сахихыг уриалж байна.

 

 

Холбоотой мэдээ