Тува улсын 8 иргэн коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-10 12:56:32

МОСКВА. /Риа Новости/. Өмнө нь “COVID-19” халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байсан Тува улсын 8 иргэн коронавирусний халдвар авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тухай тус улсын тэргүүн Шолбан Кара-оол мэдэгджээ. Эдгээр 8 оршин суугч бүгд Туваг зорин ирсэн Красноярскийн хязгаарын оршин суугчаас халдвар авсан байна. 

 

Красноярскийн хязгаарын оршин суугч эрэгтэй 3 дугаар сарын сүүлчээр хөл хорио тогтоогоод байсан Москва хотоос Красноярскт ирж, тэндээсээ Тува улсын Ырбан сууриныг зорьжээ. Тахал судлаачдын баг Красноярскийн оршин суугчтай ойр хавьталтай байсан 67 хүнээс шинжилгээ авахад 8 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Халдвар авсан хүмүүсийн дунд насанд хүрсэн 4 хүн байсан бол үлдсэн нь 8 сараас 12 насны хүүхдүүд байжээ. Тэд бүгд вирус тээгчтэй хамт амьдарч байсан аж. 

 

Одоогоор мэргэжилтнүүд вирус тээгчтэй ойр хавьталтай байсан 300 хүнийг олж тогтоогоод байгаа бөгөөд тэднээс шинжилгээ авсан байна. Новосибирийн “Вектор” лабораториос баталгаатай хариу хараахан аваагүй байгаа бөгөөд эдгээр халдварын тохиолдлууд нь урьдчилсан байдлаар тогтоогдсон болохыг Тува улсын Засгийн газрын хэвлэлийн алба цохон тэмдэглэжээ. 



Холбоотой мэдээ