Сумууд бэлчээрийн даац тодорхойлох багажтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-10 21:33:58

Ховд /МОНЦАМЭ/. Эрдэнэбүрэн, Ховд суманд бэлчээрийн даац тодорхойлох багц тоног төхөөрөмж гардуулан өгсөн тухай албаны эх сурвалж мэдээллээ. 

Мерси Кор олон улсын байгууллага нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/-ийн харьяа Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх газар /OFDA/-ын санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3"/LTS-3/ төсөл хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд орон нутагт бэлчээрийн менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд  суманд бэлчээрийн даац тодорхойлох багц тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар олгожээ.

Энэхүү багц тоног төхөөрөмжийг холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ сарын 08-09-нд сумдын ЗДТГ-т  хүлээлгэн өгсөн аж.

Тус багц нь байршил тогтоогч, дээжний уут, зургийн аппарат, мэрэгчидтэй тэмцэх нүх ухагч, цахилгаан жин, флаш, метр, хайрцаг, бусад бичиг хэрэг дагалдах хэрэгсэл зэрэг 10 гаруй  нэр төрлийн эд зүйлээс бүрдэнэ.

Хөдөөгийн сумууд бэлчээрийн даац тодорхойлох зориулалт бүхий багажтай болсноор менежментийн зураглал хийх, отор нүүдэлд хяналт тавих зэрэг ажлыг тухай бүрт чанартай гүйцэтгэх боломж бүрдэж байна гэж албаны эх сурвалж онцоллоо. 

Багажийг сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг буюу газрын даамал, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч, цаг уурын ажилтан нар хамтран зориулалтын дагуу ашиглах юм. 

Холбоотой мэдээ