Бэлчээрийн даац тодорхойлох тоног төхөөрөмж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-15 11:39:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Гамшигт нэрвэгдсэн гадаадын орнуудад тусламж үзүүлэх албаны санхүүжилтээр Мерси Кор Монгол олон улсын байгууллагаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Эрдэнэцагаан суманд бэлчээрийн даац тодорхойлох тоног төхөөрөмжийг олгохоор болжээ.  

Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь төслийн гурав дахь үе шат Сүхбаатар аймагт амжилттай үргэлжилж байна. Төслийн хүрээнд дээрх сумдад олгож буй тоног төхөөрөмж нь сумын ЗДТГ-т данс бүртгэлтэй байх бөгөөд газрын даамал, ХАА болон цаг уурын мэргэжилтнүүд хамтран энэхүү тоног төхөөрөмжийг ашиглан өөр өөрсдийн орон нутгийн бэлчээрийн даацыг тодорхойлон цаашид хамтран ажиллах боломжтой юм.

Төслийн баг дөрвөн суманд газар дээр нь очиж ажиллаад дээрх сумдад бэлчээрийг хамгаалах чиглэлээр ажиллах зайлшгүй шаардлагатай юм байна гэж дүгнэсэн. Эрдэнэцагаан сумын бэлчээрийн даац 62,5 хувь, Баяндэлгэр сумын хувьд 34 хувь нь даац олон дахин хэтэрсэн гэдэг судалгаа гарсан. Тиймээс эхний ээлжинд энэ хоёр суманд дахин нарийн судалгаа хийх болно. Энэ удаагийн ссанхүүжилтээр нэг суманд гурав орчим сая төгрөгийн төхөөрөмжийг олгоно гэдгийг Мерси Кор ОУБ-ын Сүхбаатар аймаг дахь төлөөлөгч Н.Наранчимэг хэллээ.

Үүнээс гадна дээрх төслөөс Баяндэлгэр, Эрдэнэцагаан суманд худаг засварлах төслийг зарлаад байгаа бөгөөд тухайн сумд өөрсдөө төслөө бичиж ирүүлэх юм. Мөн 5 дугаар сараас 7 дугаар сарын дунд хүртэл бэлчээр хамгаалах бүлгүүдийн дунд аян зарлаж,  эхний гурван байрт шалгарсан бүлгийг урамшуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа гэнэ

Холбоотой мэдээ