13 тохиолдлын нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэнээс илэрчээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-04-14 13:06:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаарх мэдээллийг өдөр бүр өгч байгаа. Өнөөдөр өгсөн мэдээллээр батлагдсан тохиолдол 13-аар нэмэгдэж нийт "COVID-19" халдвартай иргэдийн тоо 30 боллоо. Дээрх 13 тохиолдлын нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэнээс илэрсэн аж.

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан оюутнуудыг Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор татан авсан юм. Нийт 282 зорчигчоос 111 зорчигчийг Дархан-Уул аймагт хүлээн авч тусгаарласан. Москва хотын төмөр замын дээд сургуульд суралцдаг оюутнуудаас коронавирусний халдвар илэрсэн бөгөөд 19-23 настай ажээ. Коронавирусний шинжилгээ нь эерэг гарсан нэг тохиолдлыг ХӨСҮТ рүү өнөө өглөө авч явсан байна. Ажиглалтад буй иргэдийг тус бүрт нь нэг, нэг өрөөнд тусгаарласан гэдгийг албаны төлөөлөл мэдэгдсэн. Ойрын хавьтлын 31 иргэнээс давтан шинжилгээ авч байгаа гэв.

ХӨСҮТ-д тусгаарласан 17 хүн, ОХУ-аас ирж тусгаарлагдсан 149 хүн, Дархан-Уул аймагт тусгаарласан 44 хүнээс шинжилгээ авсан ажээ.

Тиймээс иргэд та бүхнийг онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөнийг гэрийн нөхцөлд хийж хэвших, гадуур гарсан тохиолдолд өөрийнхөө биеийн халууныг тогтмол үзэж байх, гараа сайтар савандаж угаах, шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх ёстойг ЭМЯ-наас анхааруулж байна.

Холбоотой мэдээ