Дарьганга малгайн танилцуулга

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-15 12:12:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьганга үндэстэн нь өөрсдийн гэсэн амьдралын хэв маягтайгаас гадна өмсөж зүүх хувцас, гоёл чимэглэл, эдлэл хэрэглэлүүд нь бүгд өөр өөр онцлог шинж, утга агуулгатай байдаг. Энэ удаад Дарьганга үндэстний хувцасны томоохон төлөөлөл болох дарьганга малгайн танилцуулгыг хүргэе. 

Дарьганга малгай нь тэнгэр өөд тэмүүлсэн, цэнгэн мандахыг бэлгэшээсэн шовгор оройтой. Нарны цацрагийг төлөөлсөн 32 ширээстэй, орой дээрээ бат бэхийн бэлгэдэл улаан өнгийн гогцоо бүхий сампинтай. Ар талдаа гогцоо гарган өлзий зангидсан улаан залаатай, хэвсэг цохтой байдаг.

Эмэгтэйчүүдийн хилэн малгайн цох хэвсгийг хар хилэнгээр бүрж, урагш харсан хэсэгт нь мөнгөөр үлэмж гоё урласан норов эрдэнийг хадаж, хэвсгийн дотогш хандсан хэсэгт ханан хээ, усан сүлжээ, алх салаавчлан шаглаж оёдог. Малгайн ард улаан торгон залаа дээр өлзий, ланз, луу, үүлэн хээг алтан утсаар урласан байдаг нь уг малгайн гоёмсог нэг онцлогийг харуулна.

Малгайн оройг өндөр бөмбөгөр хийж, наран цацраг мэт ширээсний тоогоор ямар ястан болохыг тодруулан, оройд улаан залаа хадаж, хойш хоёр улаан бүч гарган урладгаас Монгол орон ертөнцөд мандан бадрах болтугай хэмээн мандах төрийн малгай гэж нэрийдсэн учиртай. Хурц шулуун, харилтгүйн утга бэлгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёстой төртэй, мандан бадарч явахыг бэлгэддэг учир монгол хүн улаан залаат малгайгаа гүнээ хүндлэн эрхэм дээд өмсгөл хэмээн үздэг.

Монгол малгайн домгоос сөхвөл, малгайн бөмбөгөр оройг Сүмбэр уулыг дүрсэлсэн гэх, түүнийг тойрсон 32 ширээсийг Сүмбэр уулыг бүчин суусан 32 монгол хэмээгээд 32 хөх монголыг гийгүүлж буй улаан нарны туяа цацран байгаа нь оройгоос унжсан улаан залаа гэж тайлбарлана. Мөн малгайны дотуурх хар хүрээг Монголыг бүсэлсэн харийн дайсан гэх, түүний ар дахь сэтэрхий нь мөнөөх дайсан араараа сэт татагдан устаж монгол хүний баярын магнай тэнийн сэтгэлийн бах улаан гал мэт бадран байна гэж хөх, улаан өнгийн бүч унжуулдаг болсон гэсэн ардын домог яриа байдаг ажээ.


Холбоотой мэдээ