Иргэдэд мэдлэг олгох сургалтуудыг эрчимжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-04-16 22:14:17

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх төв” болон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас сүүлийн гурван жилд төрөлжсөн богино хугацааны сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээнд 12 мянга шахам иргэнийг хамруулж, бизнес эрхлэх ур чадвар олгожээ.

Өнгөрсөн онд “Насан туршийн боловсролын төв байгуулах” тухай аймгийн Засаг даргын захирамж гарч, насан туршийн боловсролын төвийн дүрэм, орон тоо бүтэц, төсөв санхүүг төлөвлөн ажиллаж байна. “Хүмүүжлийн эерэг арга”, “Эерэг хандлага, хөгжил-2019” зэрэг сургалтаар 580 сургагч багшийг бэлтгэн нийт 3000 гаруй иргэнд, гэр бүлийн, амьдрах ухааны боловсрол олгох сургалт явуулж 10 сумын 1000 шахам залуусыг хамруулжээ.

Насан туршийн боловсролын нэгжүүдээр иргэдийн боловсролыг дээшлүүлэх 600 удаагийн сургалтад давхардсан тоогоор 29.740 иргэн, 245 удаагийн нөлөөллийн үйл ажиллагаанд давхардсан тоогоор 12 мянга, есөн удаагийн боловсрол олгох чиглэлийн 598 сургалтад 30 мянга шахам иргэнийг хамруулсан байна.

Боловсрол нөхөн олгох сургалтад өмнөх хичээлийн жилд бага боловсролд 36, суурь боловсролд 310, бүрэн дунд боловсролд 229 суралцагч суралцсаны 55 хувь нь эмэгтэй, 17.7 хувь нь цэргийн насны залуучууд, 1.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байжээ.

Холбоотой мэдээ