Стивен Хокингийн хиймэл амьсгалын аппаратыг эмнэлэгт хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-04-22 15:52:01

ЛОНДОН. /BBC/. Их Британийн онолын физикч агсан Стивен Хокингийн хиймэл амьсгалын аппаратыг “COVID-19” халдвартай тэмцэхэд туслах үүднээс Кембриж хотын “Royal Papworth” эмнэлэгт хандивласан талаар “Press Association” агентлаг мэдээллээ.


С.Хокингийн охин Люси Хокингийн мэдээлснээр, нэрт физикчийг 2018 онд таалал төгссөний дараа түүний хэрэглэж байсан Эрүүл мэндийн үндэсний газрын тоног төхөөрөмжүүдийг тус байгууллагад эргүүлэн өгсөн боловч өөрийнх нь худалдан авсан зарим хэрэгсэл нь үлдсэн байжээ.


“Бид бусдад туслахын тулд тэдгээр эд зүйлийг Үндэсний эрүүл мэндийн газарт шилжүүлэн өгч байна” гэж Л.Хокинг “Press Association” агентлагт мэдээлжээ. Их Британид одоогийн байдлаар 10 мянга орчим хиймэл амьсгалын аппарат байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокийн мэдээлснээр, цаашид ойролцоогоор 18 мянган аппарат шаардлагатай ажээ.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр Их Британид 130 мянга гаруй хүн коронавирусний халдвар авч, 17 мянга гаруй хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ