Ахмад дайчин Я.Алтангэрэлд ялалтын 75 жилийн ойн хүндэт медаль гардууллаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-26 15:41:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийн II дайн болон чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын ахмад дайчдыг Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнах зарлиг гаргажээ. 


Тэгвэл Говь-Алтай аймгаас 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон, ахмад дайчин Ядамжавын Алтангэрэлд дээрх хүндтэй шагналыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Джеваков Мерген Владимирович, Гуравдугаар нарийн бичгийн дарга Безруков Станислав Сергевич нар дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гардуулж, баяр хүргэлээ.

Энэ үеэр 99 насны өндөр босгыг алхаж буй Алтай нутгийн ахмад дайчиндаа тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат, Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр нар урт удаан наслахыг хүсэн ерөөж, хүндэтгэл үзүүллээ.


Ахмад дайчин Я.Алтангэрэл нь 1940 онд цэргийн албанд татагдаж албаа хаагаад Завхан аймагт нэг жил цэргийн сургууль хийж 1943 онд Матадын наймдугаар дивизийн их бууны салаан даргаар томилогдон ажилласан байна. 1946 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын Дэнжийн харуулын агаарын зенитийн ангид цэргийн алба таван жил хаасан ажээ.

Түүний хөдөлмөр бүтээл, ажлын амжилтыг үнэлж 1972, 1982 онд таван жилийн гавшгайч цол тэмдгээр Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медалиар тус тус шагнаж байсан бөгөөд “Бид ялав”, Японыг ялсны төлөө Монгол-Оросын “Бид ялав” медаль, Жуковын медаль, Зэвсэгт хүчний ойн медаль, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Тэрээр өдгөө 99 насыг зооглон өөрийн өсөж төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд амьдарч байна.

Холбоотой мэдээ