ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоох шийдвэрээ дахин тунгаан бодохыг уриалжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-04-23 09:16:45

ЖЕНЕВ. /Reuters/. АНУ-ын засаг захиргаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ төсвийг санхүүжүүлэхээ түр зогсоох шийдвэрээ дахин тунгаан бодно хэмээн найдаж буйгаа тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гербрейесус лхагва гарагт илэрхийлжээ.


“Дэлхийн дахин коронавирусний цар тахал удаан хугацаагаар үргэлжлэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж Т.Гебрейесус цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Дэлхийн олон оронд цар тахлын тархалт эхний үе шатандаа байгаа бөгөөд зарим оронд халдварын тохиолдлын тоо өсөж эхэлж байна гэж ДЭМБ-ын тэргүүн онцлон хэлжээ. Мөн тэрбээр Европын зарим оронд халдварын тархалт тогтворжиж, буурч байгааг дурдсан боловч Африкийн зарим оронд, Төв болон Өмнөд Америкт халдварын тархалт өсөх хандлагатай байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч цар тахал дэгдсэн үед явуулж буй ДЭМБ-ын үйл ажиллагааг шүүмжлээд, тус байгууллагын төсвийг санхүүжүүлэхээ зогсооно гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Мөн АНУ БНХАУ-ын эрх баригч Коммунист намыг ДЭМБ-д шинэ коронавирусний тархалтын талаар цаг тухайд мэдээлээгүй гэж үзэж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео лхагва гарагт мэдэгдсэн байна.


“АНУ санхүүжилтийг зогсоох шийдвэрээ сайтар тунгаан бодож, ДЭМБ-ын үйл ажиллагааг дахин дэмжиж, хүмүүсийн амь насыг үргэлжлүүлэн аварна хэмээн найдаж байна” гэж Т.Гебрейесус мэдэгджээ.


Мөн ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан төлөөлөгч Майк Райан дэлхий дахины зорчих хөдөлгөөнийг хэт хурдан нээхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Африкийн орнуудад халдвар хурдацтай тархаж буйг тэмдэглээд, өнгөрсөн долоо хоногт Сомалид халдвар авсан хүний тоо 300 орчим хувиар нэмэгдсэнийг анхааруулсан байна. 

Холбоотой мэдээ