БНСУ-д халдварын найман шинэ тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-04-23 13:33:51

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д лхагва гарагт коронавирусний халдварын найман шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 10702 болсон гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ.


БНСУ-д зайнаас харилцах хатуу дүрмийг баримталж, хөл хорионы арга хэмжээнүүдийг чангатгасан нь халдварын тархалтыг хязгаарлахад нөлөөлжээ. Тус улсад халдварын анхны тохиолдол өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд бүртгэгдэж, хоёрдугаар сарын 29-нд хамгийн олон буюу 909 тохиолдол бүртгэгдсэнээс хойш шинээр илрэх тохиолдлын тоо огцом буурчээ.


Лхагва гарагт илэрсэн найман шинэ тохиолдлын дөрөв нь зөөвөрлөгдөн иржээ. Мөн тухайн өдөр халдварын улмаас хоёр хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 240 болсон бол 134 хүн эмнэлгээс гарснаар нийт 8411 хүн эдгэрчээ. БНСУ-д нэгдүгээр сарын 3-наас хойш 583971 хүнийг шинжилгээнд хамруулсан байна.


Халдвар хамгийн их тархсан Дэгү хотод /БНСУ-д илэрсэн нийт тохиолдлын 64 хувь нь бүртгэгдсэн/ шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо буурсаар байгаа бөгөөд лхагва гарагт дөрвөн хүнээс халдвар илэрчээ. Харин Умард Гёнсан муж, Сөүл хотод шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Зайнаас харилцах дүрмийг сарын турш мөрдөж буй БНСУ нь халдвар анх тархсан орнуудын нэг боловч үүсэж болзошгүй таагүй нөхцөл байдлаас зайлсхийж чаджээ.


Хэдийгээр “COVID-19” халдварын өөр давлагаа эхэлж болзошгүй тул холбогдох албаны төлөөлөгчид сонор сэрэмжтэй хэвээр байгаа боловч тус улсад энэ долоо хоногоос зарим хязгаарлалтыг сулруулж эхэлжээ. Мөн хөл хорио тавдугаар сарын 5 хүртэл үргэлжлэх хэдий ч халдварын тохиолдлын тоо буурсан хэвээр байвал уг хугацааг өөрчилж магадгүй ажээ. 

Холбоотой мэдээ