108 га талбайд төмс хүнсний ногоо тариална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-04 11:12:42

Дорноговь аймгийн хэмжээнд энэ онд нийт 108 га талбайд төмс, хүнсний ногоо тариалах төдийгүй үүнд шаардагдах үр бордооны захиалга авах ажлыг ХХААГ-аас хийгээд дуусчээ.

Тариалалтыг тавдугаар сарын 25-наас эхлэх бөгөөд  тариалалтад бэлтгэх, тариалан эрхлэгчдэд сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хийж буй талаар аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболд ярилаа.

Дорноговь аймгийн “Газар тариалан эрхлэлт ойжуулалтыг дэмжих сан”-гаас элит үрийн төмс худалдан авахад 10 сая төгрөгийн дэмжлэгийг олгож Үр үйлдвэрлэгчдийн холбоотой гэрээ байгуулснаар  12 тонн элит үрийн төмс татан  тариалан эрхлэгчдэд хуваарилсан байна.

Мөн хүнсний ногооны үрийн захиалга, үрийн төмсний элит үрийн захиалга, хүлэмжийн захиалга, тракторын захиалгыг урьдчилгаа төлбөргүй, хүүгүйгээр, дөрвөн жилийн хугацаанд таван сая төгрөгөөр тэнцүү хуваан төлөх боломжийг газар тариалан эрхлэгчдэд олгожээ. Одоогоор нийт 22 ширхэг тракторыг аймаг руугаа татах ажлыг зохион байгуулж буй.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ