УИХ цэцийн дүгнэлтийг 80.4 хувийн саналаар хүлээж авав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-04 11:16:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар цэцийн 05 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд, "Сонгууль хойшлуулах тухай яриа гараагүй. Энэ бол УИХ-ын болоод АН-ын байр суурь. Сонгууль 6 дугаар сарын 29-нд болдгоороо болно" гэсэн тайлбарыг хийж байв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Цэц 2012 онд гаргасан дүгнэлтээ өөрчилсөн шийдвэр гаргалаа. Цэцийн шийдвэрийг дэмжих боломжгүй. Сонгуулийн тухай хуулийг МАН олонх байхдаа дэвшилттэй хэмээн үзэж баталсан. 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар янз бүрийн хүмүүс орж ирсэн. Ядаж дүүрэгт нэр дэвшиж байгаагүй хүмүүс УИХ-д орж ирснээр парламентын нэр хүнд унасан.Түүнчлэн нийгмийн зорилтот бүлгээс нэр дэвших боломжийг хааж байна. Тухайлбал, эмэгтэйчүүд сонгуульд оролцох боломжийг хаалаа. Бид гаргасан дэвшлээсээ ухарч байна. Эмэгтэйчүүдийн квотын устгах тухай яриа эрэгтэй гишүүдийн дунд ярьсан гэсэн яриа байгаа шүү. Хэрэв ийм асуудал байгаа бол бид хатуу тэмцэх болно” гэхэд УИХ-ын дарга З.Энхболд, “Албан ёсоор ийм яриа болоогүй. Манай эрэгтэйчүүд ийм арга ядсан улс биш” гэсэн хариу тайлбар өгөв.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, “Жагсаалтаар сонгогдсон гээд муудсан зүйл байхгүй. Зарим нь нам бүлгийн даргын албыг хашаад явж байна. Цэц нийгмийн захиалгыг бодолцож шийдвэрээ гаргасан байх. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн   Г.Уянга, "Одоогийн сонгуулиар жагсаалтаар шинэ хүмүүс орж ирэх боломж бүрдэж байсан юм. Манай намд бол ашигтай хувилбар байсан. Гэхдээ би манай намд ашигтай гэх биш иргэд сонсогчдынхоо хүсэл сонирхлыг хүндэтгэх болно. Өнөөдөр нэр дэвшигчид өөрсдөө яаж сонгуульд оролцох вэ гэдэг дээрээ эргэлзээтэй байгаа үе. Цэцийн шийдвэрийг хүлээж авсан бол ямар тогтолцоогоор сонгуулиа явуулах вэ гэдгээ гишүүд сайн бодолцоорой. Сонгууль хойшлуулах аливаа асуудал гарвал гишүүнээсээ татгалзана. Жижиг 76 тойргоор сонгууль явуулна гэсэн яриа байна. Энэ системийн нөлөөг бид хангалттай үзсэн. Тиймээс энэ тогтолцоогоор сонгуулиа явуулж болохгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Би чуулганы завсарлага болгоноор тойрогтоо ажилладаг. Аймгуудад ч ажилладаг. Ингэхэд намын жагсаалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж ард түмэн нийтээрээ хэлдэг юм. Хэрэв холимог системээр сонгуулиа явуулья гэвэл Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ёстой" гэлээ. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, “Энэхүү асуудлыг нухацтай ярих ёстой. Цэцийн шийдвэртэй холбоотой дараа дараагийн урган гарах асуудлын зохицуулалт дээр онцгой анхаарах хэрэгтэй. Сонгууль хуулийн хугацаанд явах ёстой. Төрийн тогтвортой байдлыг алдагдуулах гэсэн санаархал байвал үүнийгээ орхих хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар нийгмийг тогтворгүй байдал руу шилжүүлэх алхамыг хийж болохгүй" гэсэн юм.

Ийнхүү гишүүд үгээ хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, "Цэц нь Үндсэн хууль зөрчиж, монгол төрийн ой санамжийг гутааж байгаа тул би санал хураалтад оролцохгүй" хэмээв. Хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 80.4 хувь нь дэмжсэн санал өглөө. Ингэснээр УИХ цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээж авав.

Б.Туул

Холбоотой мэдээ