Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-04 13:31:19

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар өнөөдөр МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаагаа мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл, дээрх хоёр гишүүн МАХН-аас гарч, МАН-д элсэх шийдвэр гаргажээ. Гишүүнчлэлээс татгалзаж буй шалтгаанаа УИХ-ын гишүүн Ч.Улаан, "Сонгуульд оролцож байгаа аливаа субъект амжилт гаргахын төлөө байдаг.  Амжилт гаргахын төлөө бүхий л боломжийг ашиглах учиртай. Энэ удаа УИХ болон орон нутгийн сонгууль хамт болно. Сүхбаатар аймгийн  МАН, МАХН-ын гишүүд  энэ сонгуульд нэг болж хамтран ажиллая гэдэг санал надад тавьсан. Саналаа хувааж сонгуульд амжилтгүй оролцож байх сургамжаа давтахгүй байя гэсэн асуудлыг олон удаа тавьж байсан. Сонгуульд нэг зорилго чиглэлтэй улс төрийн намууд хүчээ нэгтгэж хамтарч оролцох нь зүйтэй гэдэг байр суурин дээр би хатуу зогсож байгаа. Тийм учраас энэ бололцоог нээх үүднээс МАХН-аасаа гарч МАН-тай хамтарч ажиллахаар шийдсэн" гэв. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Улс төрийн хүчнүүдийн төвлөрөл бий болж байгаа энэ үед МАН, МАХН хоёр сонгуульд хамтарч ажиллах ёстой гэсэн хатуу байр суурийг 4 жил илэрхийлсэн. МАН, МАХН сонгуульд эвсэж орж чадахгүй болсон нь намаасаа гарах нэг үндэслэл болсон. Бид хоёр МАХН, МАН-ыг нэг улс төрийн хүчин болгохын төлөө ажиллана" гэлээ. Эдгээр гишүүд намаасаа татгалзсанаар "Шударга ёс" эвслийн бүлэг задарч байгаа юм. Бүлэг задарснаар Засгийн газар задарч болзошгүй нөхцөл байдал үүсч байгаа ба энэ тухайд УИХ-ын гишүүн Ч.Улаан, "Засгийн газар задрахгүй байх бололцоотой" хэмээв.

Мөн үеэр цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авснаар холимог тогтолцоог хэвээр нь хадгалах хуулийн гарц байна гэж үзэж байгаагаа хэллээ. 

Б.Туул

Холбоотой мэдээ