110 кг дэрэвгэр жиргэрүүгийн үр хил давуулахыг завджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-ний өдөр Монгол Улсын иргэн Г өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны машины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг улсын хилээр хууль бусаар давуулах гэж байсныг Замын-Үүд дэх Гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
Гаалийн Төв лабораторийн энэ сарын 24-ны өдрийн шинжилгээний дүгнэлтээр тухайн ургамал нь дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үр болох нь тогтоогджээ. Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүүг судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар түүж бэлтгэхийг БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар 5 жилийн хугацаанд хориглосон байдаг. Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна.