Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаанд 3 баг оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-30 17:28:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын өсвөрийн энтрепренеруудын “GYEC 2020” уралдаанд ЕБС-ийн Ахлах сургуулийн 3 баг  оролцох эрх авлаа


Нийслэлийн ахлах сургуулийн сурагчдын дунд болсон өсвөрийн энтрепренерүүийн сургалт, уралдаан 2020 оны гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 29-нд цахим орчинд амжилттай явагдаж шилдгүүд тодорлоо. 2020 оны уралдаанд 12 цагийн хугацаанд бизнес санаа гаргаж, бизнесийн төлөвлөгөө боловсруулан оролцсон нийт есөн багаас гурван баг /Innoway, Nanitech, Wave баг/ шилдгээр шалгарч, тус “GYEC 2020” олон улсын тэмцээнд оролцох эрхээ лхагва гарагт /04.29/ гардан авлаа.



Global Youth Entrepreneurship Challenge /GYEC/ буюу өсвөрийн энтрепренерүүдийн сургалт, уралдааныг Японы Center for Entrepreneurship Development болон Индонезийн SURYA институтээс зохион байгуулдаг бөгөөд ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын энтрепренер бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх ур чадварыг дэвшилтэт технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой юм. Энэ уралдааныг 2017 оноос Хүүхдийг Ивээн Сан болон Хөгжлийн Шийдэл ТББ хамтран Монголд зохион байгуулж, эх орноо төлөөлөх баг бэлтгэж олон улсын уралдаанд оролцуулж байгаа юм. 2019 оноос Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар тус сургалт, уралдааныг дэмжиж хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.


Хөдөлмөрийн зах зээлд залуучуудын бүтээлч сэтгэлгээ, инновацын хэрэгцээ шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор улс орнууд инновац, мэдлэгт суурилсан эдийн засаг, тэр дундаа энтрепренершипийн давлагаанд анхаарал хандуулах болж, их дээд болон ЕБС-ийн хөтөлбөрт энтрепренершипийн ур чадвар олгох хичээлийг оруулж эхэлсэн. Монгол Улсын хувьд ерөнхий боловсролын түвшинд эдгээр ур чадварыг хөгжүүлэх боломж бололцоо дутмаг байдаг. Иймд бид ахлах ангийн сурагчдад олон улсын түвшинд өрсөлдөх боломжийг олгохын тулд сургалтыг  шинэлэг хөтөлбөр, оролцооны арга барилаар хүргэдэг. Уг уралдаан Улаанбаатарын аль ч ЕБС-ийн 15-19 насны ахлах ангийн сурагчдад нээлттэй юм. 


Тэмцээнд 8 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцдог. 2017 оны уралдаанд нийт 5 сургуулийн 38 сурагч хамрагдсан бол 2018 онд 6 сургуулийн нийт 64 сурагч, 2019 онд 8 сургуулийн нийт 64 сурагч, 2020 онд 11 баг сонирхлоо илэрхийлэн сургалтад хамрагдаж, үүнээс 9 сургуулийн 62 сурагч уралдаанд оролцсон. 2019 оны олон улсын уралдаанд Монгол Улсыг төлөөлөн оролцсон багууд өмнөх жилүүдийн амжилтыг давж, эхний 10 байр дотор шалгарсныг онцлох нь зүйтэй.


Энэ жилийн олон улсын уралдаан тавдугаар сарын 30-ны өдөр, бүтэн 12 цагийн турш цахимаар явагдана. Өглөө 7 цагт сэдэв зарлагдаж, оролцогч багууд 18 цаг 30 минут гэхэд дор дурдсан даалгаврыг гүйцэтгэсэн байна. Үүнд:

 

1. Санаачилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний туршилтын загвар (биетээр эсвэл дижитал;

 

2. Хоёр хуудас бизнесийн төлөвлөгөө

 

3. 3-5 минутын дүрсэн танилцуулга /англи хэл дээр/ бэлдэнэ.


“Уралдаанд оролцсон сурагчид багийн найзуудаасаа сурахаас гадна баг хоорондоо харилцан суралцаж, дийлэнх оролцогчид цахим орчинд багаар ажиллах чадвараа сайжруулж чадсан нь сургалтын дараах судалгаанаас харагдсан юм. Сурагчид өөрт байсан бүтээлч санаагаа бодит болгох, түргэн хугацаанд үр дүнтэй ажиллах зэрэг ур чадварыг сургалт, уралдаанаас олж авсан хэмээн судалгаанд оролцогчид хариулжээ. Цаашид энэ уралдаанд орон нутгийн ахлах ангийн сурагчдыг хамруулан үндэсний хэмжээнд болгохоор зохион байгуулагчид ажиллаж байна” хэмээн Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ