Булган сумын ойн түймрийг цурманд оруулаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-01 11:36:15

Архангай /МОНЦАМЭ/. Булган сумын Тусгалт багийн “Улиатай” гэдэг газарт ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 4 дүгээр сарын 28-ны 21:15 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус газар нь сумын төвөөс баруун урд зүгт 45 км-ийн зайтай байдаг байна.

Ойн гал түймрийг унтраахаар аймгийн ОБГ-ын 26 алба хаагч, 4 техник хэрэгсэл, Үндэсний аврах бригадын 25 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн есөн алба хаагч, орон нутгаас 141 гээд нийт 201 хүн, 35 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Өнөөдөр /05.01/ аймгийн Онцгой байдлын газраас нэмэлтээр 12 алба хаагчийг, орон нутгийн 30 орчим иргэний хамт ажиллуулахаар явуулсан байна.

Ойн гал түймэр хүрээгээ тэлж, ой, хээрийнх болсон ба цурманд оруулж чадаагүй байна. Алба хаагчид болон нутгийн иргэд цурманд оруулж, бүрэн унтраахаар ажилласаар байгааг аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Мөн Чулуут сумын Халуун-Ус багийн “Мухар” гэдэг газарт гарсан гал түймэрт 20 га талбай, Цахир сумын Баянбулаг багийн “Бөөрөг дөрөө хангинах” гэдэг газарт гарсан гал түймэрт урьдчилсан байдлаар 7 га талбай шатсан байна.

Холбоотой мэдээ