АНУ гурван их наяд ам.долларын зээл авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-05-05 15:36:20

ВАШИНГТОН. /BBC/. АНУ коронавирусээс үүдэлтэй хямралыг даван туулах тусламжийн багцийн их хэмжээний зардлыг зохицуулахын тулд энэ оны хоёрдугаар улиралд гурван их наяд ам.доллар зээлэхээр төлөвлөж байна.


Энэ нь 2008 оны санхүүгийн хямралын үеийнхээс тав дахин өндөр хэмжээ юм. 2019 онд 1.28 их наяд ам.доллар зээлж байсан АНУ эдийн засагт учрах вирусний нөлөөг бууруулахын тулд гурван их наяд ам.долларыг баталсан билээ. Тус улсын үндэсний өр одоогийн байдлаар 25 их наяд ам.долларт дөхжээ.


Сүүлд баталсан тусламжийн багцууд АНУ-ын нийт эдийн засгийн 14 орчим хувьтай тэнцэж байгаа юм. Мөн Засгийн газар татвар төлөлтийн эцсийн хугацааг дөрөвдүгээр сарын 15 хүртэл сунгасан нь бэлэн мөнгөний хямралыг даамжруулжээ.


Нэмэлт тусламжийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаа энэ үед Бүгд найрамдах намын зарим төлөөлөгч үндэсний өрийн хэмжээ ихээр нэмэгдэхэд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.


АНУ Засгийн газрын бонд худалдаалах замаар зээл авдаг юм. АНУ нь дэлхийн хөрөнгө оруулагчдын хувьд харьцангуй эрсдэл багатай байдаг учир бондын хүү нь бага байдаг билээ.

Холбоотой мэдээ