Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-06 20:38:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


27 сая орчим хүний алтан амийг авч одсон дэлхийн 2-р дайны нэгэн хэсэг болох Зөвлөлтийн Аугаа их эх орны дайн хэрхэн эхэлсэн, энэ дайнд БНМАУ ямар байдалтай оролцсон,  "Бүхнийг фронтод" уриатайгаар Зөвлөлтийн ард түмэнтэй хамт ялалтад тэмүүлэхийн утга учир нь монголчуудын хувьд юу байсэн зэрэг асуудлыг хөндөн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатартай ярилцлаа. Сүүлийн жилүүдэд “сошиал медиа”-гаар Аугаа эх орны дайны түүхийг үгүйсгэх хандлага цухалзах болсон тул мэргэшсэн судлаачийн үг үнэтэй буй за.


-ЗХУ-ЫН УЛААН АРМИЙН ШАГНАЛТАЙ 90 ГАРУЙ МОНГОЛ ХҮН БИЙ-


-Аугаа их эх орны дайнд монголчууд оролцсон гэж бичдэг, ярьдаг болж байна. Тэгэхдээ зарим мэдээлэлд 500 хүн оролцсон, тухайн үед Зөвлөлтөд хоригдож байсан монгол хүмүүсийг ч дайчилж байсан гэх юм. Энэ нь үндэслэлтэй мэдээлэл мөн үү?


-Монгол хүн Аугаа их эх орны дайнд оролцож байсан эсэх асуудал ихээхэн маргаан дагуулдаг. Монгол хүн энэ дайнд хувь нэмрээ оруулсан нь үнэн ч албан ёсоор оролцоогүй. Оросын цахим сүлжээнд гарч байгаа мэдээллээр, 500 орчим монгол хүн дайнд оролцсон гэж ярьж байна. Энэ бол үнэнд ойрхон тоо. 1930-аад онд манай улсад 37 мянга гаруй хүн хэлмэгдсэнээс 30 мянга нь цаазлуулж, үлдсэнийг нь ЗХУ руу цөлсөн. Үүнээс гадна манай улс 1930-аад оноос ЗХУ-д хүмүүсээ сургаж эхэлсэн байдаг. Тэгэхээр, Украин, Беларусь, Москвад суралцаж байсан оюутнууд болон улс төрийн хэрэгт өртөж, тэнд цөлөгдөн ажиллаж байсан хүмүүс энэ дайнд оролцсон. Гэхдээ дайнд оролцсон гэдгийг хоёр утгаар ойлгож болно. Шууд зэвсэг бариад байлдахаас илүүтэй Москва, Киев, Ленинград хот бөмбөгдөлтөд өртөх үед тэнд байсан монгол оюутнууд бүслэлтийн дараах гамшгийг арилгах, нурангийг цэвэрлэх, гал түймэр унтраах, шархтан зөөх, хориглох саад ухах зэрэг ажилд оролцож байсан. Тэр утгаараа 500 орчим монгол хүн дайнд оролцсон нь маргаангүй юм. Мөн ЗХУ-ын Омскт суралцаж байсан монгол оюутнууд шархтануудыг зөөх тусгай хүчин болж байв. 1941 оны 10 дугаар сард Германы танкууд Москвад 20 км тулаад ирэхэд монгол оюутнууд байж л байсан шүү дээ.


-Яг энэ талаар баттай баримт байна уу?


-Миний бие архивын баримт, материалыг шигшээд үзэхэд, яг дайнд байлдаж, ЗХУ-ын улаан армийн шагнал авсан 90 гаруй монгол хүн байсан. Энэ хүмүүсийн урьдын намтрыг үзвэл, 1941 оны зургаадугаар сарын 22-нд дайн эхлэх үед яах аргагүй Киев, Беларусь, Ленинградад суралцаж байсан оюутнууд байдаг. 

ОХУ-ын зарим судлаачдын хэлж буйгаар, халимаг, тува, буриад цэргийг Монголын иргэн байсан гэж андуурсан байх талтай гэдэг. Учир нь Оросууд ерөнхийдөө буриадуудыг монгол гэж ярих нь элбэг. Тэгэхээр, буриад цэргийг андуурч монголчууд гэсэн байх. Тэдний цахим сүлжээндээ монгол гээд зургийг нь тавьсан хүмүүсийн намтрыг үзэхэд, буриад цэрэг, дайчид байна билээ. Тухайлбал, Доржеев, Намсраев гэх мэт нэртэй. Эдгээрийг тоонд оролцуулж хэлсэн байх талтай.

Гэхдээ баттай баримтаар, дор хаяж 100 орчим монгол хүн ямар нэгэн хэмжээгээр эх орны дайнд оролцсон. Тэр байтугай, хамгийн өндөр албан тушаалыг нь манай хурандаа генерал Б.Цог хашсан юм билээ. 




-Тодруулбал…


-Б.Цог генерал 1944 онд Москвад суралцаж байхдаа дадлагынхаа хугацаанд фронтод ажилласан юм байна. Энэ үед танкын бригадын захирагч нь Кенигсбергт болсон байлдаанд шархадсанаар, довтолгооныг нь тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд түүнийг Б.Цог генерал орлож байжээ. 


-Зөвлөлтөд хоригдож байсан монголчуудыг байлдааны нэгдүгээр эгнээнд явуулсан гэдэг талаар?


-Улс төрийн хилс хэргээр хэлмэгдээд цөлөгдсөн хүмүүсийг дайны тэргүүн эгнээнд явуулаагүй, ерөнхийдөө сайн дурынх нь хүсэлтээр оролцуулсан байдаг. Сүүлд цагаатгалын архивыг гаргаж ирэхэд баримт нь гарч ирсэн. Тухайлбал, Хэнтий аймгийн Балж, Дадал сумаас хэлмэгдэж ЗХУ-д цөлөгдсөн ах дүү нар. Хэрэг нь шийдэгдээгүй, зарим нь шийдэгдээд нутаг заагдан хоригдсон үедээ дайнд оролцсон байна.


-Хоригдож байсан хүмүүс бүгд дайнд оролцсон уу. Яг хэчнээн хүн байсан бэ?


-Тэд бүгд дайнд оролцсон. Гэхдээ яг хэдэн хүн байсан нь тодорхой бус, нууц байдаг. Гэхдээ бидэнд дээр хэлсэн дөрвөн ах дүү нарын намтар бий. Тухайлбал, Нямын Зарп, түүний дүү Нямын Ампил болон Жалцангтийн Бавуудорж, түүний ах Жалцангийн Дашдорж нар байна. Тэдгээр баримтыг манай архивын газраас ном болгон хэвлэсэн байгаа. Зарим хүмүүс нь дайны дараа нэрээ өөрчилсөн байдаг. Сүхээ гэдэг хүн гэхэд л Сухов хэмээн нэрээ өөрчилсөн байх жишээтэй.


-Одоо эх орны дайнд оролцсон, эсэн мэнд аж төрж байгаа монгол хүн бий юу?


-Байхгүй. Харин Европ дахь дайн 1945 оны тавдугаар сарын 9-нд дууссаны дараа Японы түрэмгийлэгчдээс чөлөөлөх дайн болсон. Үүнд Монголын 21 мянган цэрэг оролцсоноос одоо 90 орчим нь эсэн мэнд байна.


-ЭД МАТЕРИАЛААС ИЛҮҮ СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ-


-Монголын ард түмний эд материалын тусламжаас гадна сэтгэл зүйн дэмжлэг дайны үед үнэлж баршгүй дэм болсон гэж орос судлаачид тэмдэглэсэн байдаг? 


-Бэлэг, эд материалаас илүүтэй оросууд сэтгэл санааны дэмжлэгийг маш өндрөөр үнэлдэг юм билээ. Учир нь фронтод байлдаж байсан дайчдын ихэнх нь дайны эхний саруудад гэр бүлээ алдсан байсан. Тэдгээр дайчдад Монголын ард түмэн захиа илгээдэг байж. Тэр захиаг нь МАХН-ын Төв хорооны дэргэдэх Фронтод туслах хэлтэс орос хэл рүү орчуулж явуулдаг, хариуг нь мөн монгол хэл рүү орчуулж дамжуулдаг байсан байна. 

Энэ захидлуудыг дайтаж байсан цэргүүд дурсаж ярьж байсан нь өндрөөр үнэлэх шалтгаан болсон. Учир нь гэр бүлээ алдсан дайчдад, аав, ээж, хань, үр хүүхдээс нь захидал ирж буй мэт дотно сэтгэгдэл төрүүлсэн байж. Энэ сэтгэл санааны дэмжлэгийг үнэхээр үнэлж баршгүй юм. Зөвлөлтийн дайчид тухайн үед, хэдийгээр бид дорно зүгт ухарч байгаа ч бидний ард талд Монгол гэдэг эртний хүчирхэг улс хүлээж байгаа, найдвартай ар тал болж байгаа хэмээн том итгэл хүлээлгэж байсан билээ. 




-Мэдээж дайнд ялахад цэргүүдийн сэтгэл зүйн байдал шалтгаална... 


-Сэтгэл санааны дэмжлэг бол ямар ч дайнд чухал дэмжлэг байдаг. Жишээ дурдахад, 1990 онд Персийн булангийн дайн эхлэхэд хамгийн түрүүнд Кувейт улсыг Монгол Улс, АНУ өмөөрч мэдэгдэл гаргасан байдаг. Үүний дараагаас Монгол, Кувейтын харилцаа сайжирсан. Иракт дайн болоход мөн л хамгийн түрүүнд монголчууд өмөөрч байсан. Сайндаа ч биш, Монголын ард түмэн эртнээсээ шударга бус явдлыг тэвчдэггүй, өөрсдөө ч Манжийн дарлалд орж байсан болохоор харийн түрэмгийлэл, гадны колонид өртөх ямар хэцүү гэдгийг ойлгосон ард түмэн. Энэ утгаараа эх орны дайны жилүүдэд харилцан туслалцах протоколтой байсан ч, байгаагүй ч Оросод туслах л байсан. 


-МОНГОЛ МОРЬД БЕРЛИН ХҮРТЭЛ ДОВТОЛСОН-


-Бие жижиг ч монгол морьд Сибирийн хүйтнийг тэсвэрлэн дайны хэцүү бэрхийг үүрэлцсэн. Хагас сая морь бэлэглэсэн, эсвэл худалдсан зэрэг зөрүүтэй ойлголт гардаг. Хамгийн бодитой баримтаас хуваалцана уу?


-Энэ дайнд манай улсаас зургаан удаагийн цуваагаар 80 сая орчим төгрөгийн эд барааны тусламж өгсөн. Үүнээс гадна манайхан агт морьд бэлэглэсэн байдаг. Үнэндээ 485 мянган морьдоо зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдаж, 39 мянга гаруй агтаа бэлэглэсэн. Ингэхдээ хамгийн шилдэг, хурдан удмын морьдоо бэлэглэсэн байна билээ. ЗХУ дайн эхлэхэд буюу 1941 оны зургаадугаар сард 17.5 сая адуутай байсан ч 1942 оны есдүгээр сард 9 сая орчим болж цөөрсөн. Энэ хүнд хэцүү цаг үед монголчууд агтаар тусалсан юм.



-Монгол морьд ялалтын төлөө Берлин хүрэхдээ их буу чирэх зэргээр дайны хүндийг үүрэлцсэнийг үнэлж Москва хотод хөшөө хүртэл босгосон. Ер нь монгол морьдын онцлог, давуу тал юунд оршиж байв?


-Монгол морь хүчтэйгээс гадна бэлчээрийн адуу учраас өвс тэжээлээ гололгүй өөрөө олоод идчихдэг. Бусад орны морьдыг бодоход цуцдаггүй тул их буу, машин техник хүртэл чирж байсан.


-Тухайн үед ЗХУ морьт цэргээс механикжуулсан моторт анги руу шилжчихсэн байсан биз дээ?


-Тийм ээ. Уг нь механикжуулсан, морьт хосолсон цэргийг хөгжүүлье гэж ярьж байсан маршал М.Н.Тухачевскийг 1937 онд цаазалчихсан байсан. Үүнийг дайны үед алдаа гэж үздэг. Учир нь тухайн үед шатахуун, тээврийн хэрэгслийн хомсдолд орсон хэрэг л дээ. Дээр нь хурдан хөдөлгөөнт маневр хийхийн тулд дахиад хуучны уламжлалт морин цэргээ байгуулж эхэлсэн. Түүнийг нь  генерал И.А.Плиев удирдсан байдаг. Монгол мориноос бүрдсэн морьт цэргийн корпус, бригад, дивиз хүртэл байгуулсан. Энэ нь хөдөлгөөнтэй маневр хийхийн сацуу Германы явган цэргийн эсрэг маш амжилттай тулалдсан. Дээрээс нь тээврийн хэрэгслийн оронд их ашигласан даа.


-Жишээ нь...


-Сум, галт хэрэгсэл морин чаргаар зөөх зэрэг. Давуу тал нь шөнийн цагаар дайсанд мэдэгдэгдэхгүй, гэрэл тусдаггүй учир дайсанд харагдахгүй шүү дээ. Нөгөө талаар, энгийн онгоцноос харахад жирийн тариачин морьтойгоо явж байгаа мэт өнгөлөн далдлалт болдог байв. Гэхдээ монгол морьд эм, эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнс зөөхөд явж байсан нь цөөн. Монгол морьдын хүч морьт цэргийн үндсэн хүчийг бүрдүүлсэн гол цөм нь байсан. Монгол морьд дайчидтайгаа давшин Берлин хүрч байлаа.




-Дайны дараа чухам тэдгээр морьдыг юунд ашигласан бол?


-Тухайн үед хэрэглэж байсан монгол морьдыг зүүн Европт үлдээсэн. Ихэнх нь улс ардын аж ахуйн ажлын хүч болсон юм. Манай улсын адуун сүргийн тоо 2.5 сая байхад, хагас сая буюу 20 гаруй хувийг нь ЗХУ-д өгсөн байдаг. Ерөнхийдөө дайны үед манай мал сүргийн тоо маш их цөөрсөн.


Жишээ ярихад, тэр үед манай улс ЗХУ-д 43 мянган зээр, 30 мянга гаруй бодон гахай нийлүүлсэн байдаг. Гонгор баатраар ахлуулсан зээр, ятуу, хойлог, бодон агнах тусгай бригад гарч байлаа. 


Дайны дараа улс ардын хамтын аж ахуй сүйрсэн үед ч Беларусь, Украин, Орост олон тооны үржлийн хонь, үхэр, адуу өгсөн. Үүний ачаар улс орны аж ахуйг хөгжүүлсэн. Ялангуяа техник ховордсон цаг үед газар тариаланг сэргээхэд монгол морь газар хагалах зэрэг ажилд оролцож байв. 


-ЧИН СЭТГЭЛИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ-


-Нэгэнт ЗХУ-д Аугаа их эх орны дайны үед монголчуудын өгсөн тусламжийн талаар ярьж эхэлсэн учраас энэ сэдвээр яриагаа цааш үргэлжлүүлье. Тухайн үеийн Монголын хүн амд хуваахад үнэхээр яаж ийм жижиг улс тийм тусламж үзүүлж чадсан юм гэж гайхмаар тоо гардгийг орос судлаачид мэр сэр өгүүлсэн байдаг. Ер нь манай улсаас дайнд илгээсэн тусламжийг хамгийн сүүлийн судалгаагаар хэрхэн үнэлсэн байдаг вэ?


-Монголчуудын тусламж, бэлэглэлийн тоо, баримтын асуудлыг ноднин Монгол Улс, ОХУ-ын Сангийн яам хамтран эцсийн байдлаар гаргах гэж оролдсон.


Тухайлбал, 80 мянган ширхэг хос эсгий гутал, 5.5 сая ширхэг тамхи, 628 унадаг дугуй, 50 мянга гаруй цаг, хутга зэргийг бэлэглэжээ. Манай улс 65 мянган тонн ноос өгсөн байхад Америк 56 мянган тонныг өгсөн байна. Америк дангаараа 600 мянган тонн мах нийлүүлсэн байхад, манай улс 500 мянган тонн гаруй мах нийлүүлсэн байх жишээтэй.




-Олон сая хүнтэй, хүчирхэг улстай дүйцэхүйц тусламж өгч байсан байна шүү дээ?


-Тийм ээ. Гэхдээ Монголын тусламж, бэлэглэл нь Америкийн Лэнд лиз хэмээх агуу том тусламжийн хөтөлбөрийн хажууд жижиг. Харин Америкийн тусламж дайны дараа эргэн төлөгдөх нөхцөлтэй бол Монголынх буцалтгүй, чин сэтгэлийнх гэдгээрээ онцлог. Оросын тал Америкаас авсан танк, хуяг, тээврийн хэрэгслийн өр төлбөрийг 1990 он хүртэл төлж, одоо ч зарим нь дуусаагүй байна.

Тухайн үед Монголын хүн ам 800 мянга гаруй л байв. Америкийн хэдэн зуун сая хүнтэй харьцуулахад, манай тусламж харьцангуй өндөр хувьтай гардаг. Монгол шиг жижиг, ядуу буурай орноос яаж ийм буцалтгүй тусламж өгч байсан юм бол гэж орос судлаачид их гайхах нь зөв л дөө.


Монголчууд дангаараа 300 кг алт, 100 мянган ам.доллар хандивлахын зэрэгцээ 53 танк, 12 нисэх онгоцтой бригад байгуулж өгсөн. Энэ нь Монгол шиг жижиг улсаас гарамгүй сэтгэлийн чин зориг гэж үздэг. 




-Манай улс тэдгээр танк, онгоцыг хаанаас авч нийлүүлсэн юм бол гэж өнөөгийн залуус гайхаж магадгүй юм?


-Бид мөнгөө өгч, тэр мөнгөөр нь оросууд танк, онгоцоо үйлдвэрлэж байсан. Тэдгээр 53 танканд БНМАУ-ынхаа 18 аймгийн нэрийг бичсэн байдаг. Түүний дотор нэг танк дээр Монгол дахь Хятад иргэдээс гэж бичсэн байна билээ. Мөн хуяг нэвтлэх чадвартай гянтболд гэдэг ховор металийг зөвхөн манай улс ЗХУ-д нийлүүлж байсан.


-Таван морьд тутмын нэг, таван шинель тутмын нэг нь монголчуудын тусламж байсан гэж ярьдаг шүү дээ?


-Тийм ээ. Монголчууд морьдоос гадна нэхий дээл, хонины ноосон цамц, бээлий, хүзүүний ороолт гэх зэргээр тусалсан. Ингэхдээ, оёсон богино нэхий дээл, шинель дотор нууц халаас гаргаж, дотор нь давс, сахар, ааруул зэргийг хийж явуулж байлаа. Оросын хэдэн сая хүнтэй армийг хангахад хүрэлцэх хэмжээний биш ч нэг цэргийн баазыг хангах хэмжээний тусламж байсан. Тухайн үед манай улс хүнд хэцүү нөхцөлд байсан ч өөрсдөө үйлдвэрлэдэггүй, Оросоос авдаг бараагаа хүртэл буцаан өгч байлаа. Жишээлбэл, тамхи, чихэр, шүдэнз, цаг, дугтуй, бал зэргээ хэмнэж, фронтод явуулдаг байсан. Саван, шүдний оогоо хүртэл хэмнэдэг. Орой нь “тулганыхаа гэрэлд болж байна, орос ах нарт лаа, чүдэнзээ илүүчлэх хэрэгтэй” гэдэг байж. Зарим хүмүүс тамхинаас ч гарч байв. Би тамхинаас гарвал намайг дуурайж, 10, 100, цаашлаад 1000 хүн гарна, тэр хэмнэсэн тамхиа фронтын дайчдад өгье гэсэн уриалга хүртэл гарч байсан. 


-Энэ тухай тэмдэглэл ч юм уу, баримт байдаг уу?


-Байгаа, архивын баримт бий. Мөн дээрээс нь манай ард иргэд ээлжээр тасралтгүй 24 цаг ажиллаж төлөвлөгөөгөөгөө давуулан биелүүлж, илүү цагийнхаа хөлсөө фронтод хандивлах гэх мэт бүх нийтийн кампанит ажил өрнүүлж байсан. Ингээд зогсохгүй, өөрсдийн байгуулсан 53 танк, 12 онгоцтой бригад, түүний экипажийн багийг хоол унд, цалин, бэлэг сэлтээр хангадаг байсан. Түүнчлэн Монголоос цэрэгт татагдсан дөрвөн мянга гаруй орос цэргийн ар гэрт цалин өгч, хоол хүнсээр хангадаг байв. 




-Тусламж хүргэж байсан хүмүүсийг ер нь хэрхэн сонгож байсан юм бол?


-Тухайн үед Бэлэглэлийн төв комисс байгуулагдаж, жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа удирдаж, түүнд нь Г.Бумцэнд, Ч.Сүрэнжав, маршал Ю.Цэдэнбал зэрэг нам төрийн удирдлагууд багтаж байсан. Зургаан удаа бэлэг хүргэж өгөхдөө, тухайн үеийн хамгийн мундаг ажилчин, улсын сайн малчид цуваанд явдаг байсан. Тухайлбал, малчин н.Авирмэд, Фронт хэмээн алдаршсан Э.Бадам, С.Цэгмид, улсын баатар Ш.Гонгор, сайн дурын отрядын дарга Ч.Мижид зэрэг хүмүүс байсан. Тэд яг тусламж, бэлгээ дайн болж буй фронт дээр нь хүргэдэг байсан. Манай зочид, төлөөлөгчдөөр Германы тал руу их буугаар буудуулдаг байж. Ингэхдээ суман дээр нь “Германы талд үхэл”, “Фашизмд үхэл”, “Гитлерт үхэл” гэх зэрэг үг бичүүлдэг уламжлалтай.


Бэлэг хүргэж өгсөн хүмүүсээс фронт С.Цэгмид гуай 97 настай, одоо Дундговь аймагт аж төрж байна. 



-МОНГОЛЫН АШИГ СОНИРХОЛ-


-Монголчууд тухайн үед "Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө" гэсэн уриалга дэвшүүлээд, кампанит ажил өрнүүлж байсан. Ер нь монголчууд чухам юуны төлөө ЗХУ-д туслах тэр их тэнхээг гаргаж байв?


-Монголчууд яагаад ЗХУ-д тусалсан бэ гэхээр, энэ дайныг Оростой эв санааны нэгдэлтэй даван туулбал бид тусгаар тогтнож бүрэн эрхт улс болох юм байна гэдгээ мэдэрч байсан юм. Үндсэндээ Манжид эзлэгдсэнээс хойш 1945 оныг хүртэл 250 гаруй жил манай улс албан ёсоор тусгаар тогтнож чадаагүй. 1911 онд тусгаар тогтнолоо зарласан ч улс орнууд дэмжээгүй. 1921 онд ч дэмжээгүй, Халх голын дайнаар ч тоогоогүй. Аугаа их эх орны дайн эхэлснээс хойш бид Оросыг дэмжиж зүтгэсний хүчээр тусгаар тогтнолоо олж авсан юм. Монголчуудын тусламж Германы эсрэг байлдсан холбоотон улсын хэмжээнд яг дайнд оролцсоноос ялгаагүй гэж Оросууд үнэлж биднийг ялалтын баярт урьдаг. Бид ч ялалтын баярт оролцдог. Тиймээс бид ялалтын баярыг тэмдэглэх эрхтэй, тэмдэглэсээр ирсэн, цаашид ч тэмдэглэнэ. 




-Монголчууд тусгаар тогтнолоо бүх нийтийн санал асуулгаар хүлээн зөвшөөрүүлсэн шүү дээ. Үүнд оросууд яг яаж дэмжсэн бэ?


-1945 оны хоёрдугаар сард Ялтын бага хурлаар холбоотон гүрнүүдийн удирдагчид уулзсан. Тэрхүү уулзалтаар, Герман ялагдаж, дайн дуусах нь тодорхой болсон тул түүний хамсаатан Японыг буулгаж авахад ЗХУ оролцох хэрэгтэй гэдэг талаар ярилцжээ. Учир нь Америк цэрэг маш их үрэгдэх эрсдэлтэй байсан.


Харин ЗХУ нэг болзол тавьсан. Тэр нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөр, тэр цагт бид дайнд оролцоно гэсэн. Түүнийг их гүрнүүд хүлээж зөвшөөрсөн.


Харин Хятадын тал монголчууд тусгаар тогтноё гэж санал нэгдвэл дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Ингээд монголчууд 1945 оны чөлөөлөх дайнд оролцохын зэрэгцээ 10 дугаар сарын 23-нд бүх нийтийн санал асуулгаараа тусгаар тогтнохыг бүрэн дэмжиж байгаагаа зарласан. Ер нь дэлхийн хоёрдугаар дайн, аугаа их эх орны дайн монголчуудын хувь заяатай хамгийн их холбоотой. Чөлөөлөх дайн, Халх голын дайнаас ч илүү ач холбогдолтой. Энэ бол бидний хувьд тусгаар тогтнолын төлөөх ариун дайн байсан юм. 

Тэр ч бүү хэл Монгол, Зөвлөлт хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг шалгасан хамгийн том шалгуур байсан. Үнэхээр итгэлт нөхөр үү, үгүй юу гэдгээ бид нотлон харуулсан. 


-Олон жил үргэлжилсэн энэ дайн дэлхийн түүхэнд хамгийн их хохирол дагуулсан байдаг. Оросууд хохирлынхоо тоог нуусан гэсэн яриа ч бий. Яг энэ дайнд Орос, Германы хохирлын талаар хамгийн бодитой судалгаа гарч байна уу?


-Хамгийн сүүлийн тойм баримтаар, 27 сая орчим хүний хохирол яригдаж байгаа. Үүнээс яг фронтод амь үрэгдсэн цэрэг гэвэл Оросын талаас 11 сая орчим, Германы талаас найман сая орчим. Үлдсэн хүмүүсийн хувьд, бөмбөгдөлтөд өртсөн энгийн иргэд. Хохирлын тоог саяхныг хүртэл оросууд судлаад л байна. Маш олон баримт зөрдөг, тодорхойгүй байдаг. Ерөнхийдөө хамгийн их хохирлыг Зөвлөлтийн ард түмэн хүлээсэн. 


-Аугаа их эх орны дайн яагаад эхлэх болсон юм бэ. Уг нь Зөвлөлт, Герман Харилцан үл довтлолцох гэрээ байгуулсан биш бил үү?


-Зөвлөлт, Герман харилцан үл довтлолцох гэрээг 1938 онд байгуулсан. Оросууд энэ гэрээнд хэт найдаж байсан нь алдаа болсон. Германчууд итгэл эвдэн гэрээгээ зөрчиж ЗХУ-д дайрснаар, 1941 оны зургаадугаар сарын 22-нд аугаа их эх орны дайн эхэлсэн байдаг. 




-ЗХУ-ын удирдагч В.И.Сталин цэргүүдээ баруун хил дээрээ төвлөрүүлж эхэлсэн түүхэн баримт бий. Хэрвээ Герман гэрээгээ зөрчиж түрэмгийлээгүй бол Орос Герман руу дайрах байсан уу?


-Түүхэн баримтаас харахад Харилцан үл довтлолцох гэрээ өнгөн талын зүйл, аль аль нь түрүүлж довтлохоор бэлтгэж байсан. Герман коммунизмын аюулаас, Орос харийн түрэмгийллээс сэргийлж өрсөж цохилт өгөхөөр төлөвлөсөн. Герман Европыг нэлэнхүйд нь эзэлж, Оросын хилд тулсан. Тиймээс оросууд цохилт өгөхөөр төлөвлөж байсан ч хугацаа нь арай болоогүй байсан. Гэтэл Герман түүнийг нь мэдээд, өрсөж цохилт өгсөн байдаг. 

Тухайн үед баривчлагдсан И.В.Сталины хүүгийн байцаалт болон бусад сурвалжаас харахад, оросууд Брестээр хил давж Герман, Европ руу довтлох байлдааны төлөвлөгөө зохиосон байж. Мөн “Ариун эх орон” гэдэг дууг дайны эхний үед зохиосон гэдэг ч яг үнэндээ өмнө нь зохиогоод бэлдчихсэн байсан аж. 

Ер нь хэн нь өрсөж Европыг хувааж авах вэ гэдэг асуудал байсан. Түүнд Гитлер өрссөн ч Сталин хожсон. Дайн болох нь тодорхой байсан. Энэ бол капитализм, коммунизм хоёрын хэн нь ялах вэ гэдэг үзэл суртлын дайн байсан гэж хэлж болно. 


-Тэгэхээр энэ дайн улс төр, геополитикийн ашиг сонирхлын зөрчилдөөн байж. Харин энэ зөрчилд монголчууд хэрхэн татагдан орсон, юу хожив гэдгийг мэдээж дүгнэх хэрэгтэй тийм үү?


-Аугаа их эх орны дайны түүх, учир холбогдлыг хүмүүст маш сайн ойлгуулахгүй бол 1990 оноос хойш түүхийг өөрчилж, Оросыг зүгээр байхад Герман дайрч орсон юм шиг ойлголт яваад байдаг. Мэдээж энэ зөрчилд монголчууд яагаад татагдав, үүнээс юу хожив гэдэг нь хамгийн чухал. Хэрвээ энэ зөрчилдөөн байгаагүй бол монголчууд тусгаар улс болж чадахгүй байх байсан. Эцсээ хүртэл Оросын талд бат зогсох ёстой гэдэг нь маршал Х.Чойбалсангийн ухаалаг бодол. Хэдийгээр бид хэлмэгдүүлэлтээр олон мянган хүнээ алдсан ч бид тийм золиос гаргаснаар өнөөдөр тусгаар тогтносон улсад, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь хоёр их гүрний дундаас Монгол Улс шүр, сувд атгана гэдэг хамгийн чухал асуудал.


-ДАЙНД 27 САЯ ХҮНИЙ АМЬ ХОХИРЧЭЭ-


-Энэ дайныг яагаад “Аугаа их эх орны дайн” гэж нэрийдсэн юм бэ?


-Яагаад аугаа их гээд байна вэ гэвэл, тоо баримт нь үнэхээр агуу. Цэрэг гэхэд л, Зөвлөлтөөс 34 сая, Германаас 23 сая оролцсон. Түүнчлэн 30 мянга гаруй танк, нисэх онгоц, их буу оролцсон гээд. Фронтын шугам нь хүртэл хэдэн мянган километр. Гэтэл манай Халх голын дайны фронт уртаараа 70, өргөнөөрөө 20 километр байсан шүү дээ.  


-Түүнээс гадна ЗХУ-ын бүрэлдэхүүнд маш олон холбоотон улс байсан шүү дээ?


-Тийм ээ. Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс 16 бүгд найрамдах улс дайнд оролцсон. Ер нь дэлхийн хоёрдугаар дайнд 61 улс орон оролцсон байдаг. Эдгээр тоо баримтыг нь харахад үнэхээр агуу, дахин давтагдашгүй. 

Сүүлийн жилүүдэд “сошиал медиа” хөгжсөнөөр, иргэдийн аугаа их эх орны дайнд хандах хандлага нь өөрчлөгдөөд байна. Энэ дайныг үгүйсгэх, монголчууд яагаад оролцож, байдгаа барав?, Оросууд бидэнд яаж хандав? гэдэг ч юм уу. Хамгийн сүүлд Чех улс ЗХУ-ын маршал И.Коневын хөшөөг буулгалаа. Аажимдаа Зөвлөлтийн сүүлчийн цэргийн дурсгал, хөшөөтэй газар Монголоос өөр үлдэхгүй болох нь. Учир нь европчууд нацизм, Германы дарангуйллаас Оросууд чөлөөлсөн гэж үздэг байсан бол одоо эсрэгээрээ эзлэн дарангуйлагч гэж түүхийг өөрчилж байна. 




Манай улс ч сүүлийн үед энэ дайны ач холбогдлыг багасгах гэж хичээж байна. Энэ бол зүрх сэтгэлээ зориулж фронтод бэлэг тусламж өгсөн өвөг дээдсээ үгүйсгэж байгаа хэлбэр болно. Тиймээс аливааг ойлгож, мэдье гэвэл мэргэжлийн хүний үгийг сонсож, цахим орчинд байгаа мэдээллээр дүгнэж болохгүй гэдгийг онцлон хэлмээр байна.


-Энэ жилийн хувьд, шинэ коронавирусний цар тахлын улмаас Ялалтын баярын парадыг хойшлуулсан. Манай цэргийн парад оролцохоор бэлтгэлээ базааж байгаа гэж дуулсан. Парадад оролцох хэвээрээ юу?


-Манай улсаас парадад оролцохоор 80 хүнийг бэлтгэж байсан. Гэвч ялалтын баярын парадыг есдүгээр сарын 2 хүртэл хойшлуулсан. Ингэхдээ зөвхөн нисэх хүчний парад л зохион байгуулахаар болжээ. Тиймээс манай цэргүүд оролцохгүй. 

Холбоотой мэдээ