Д.Тэрбишдагва: 2050 он гэхэд 110 сая малтай болно гэсэн тооцоо байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-05-06 18:26:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрт жагсаж байна. Тодруулбал, Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнууд, дэлхийн дунджаас доогуур түвшинд байгаа юм. Ядуурлыг бууруулахад чиглэсэн халамжийн бодлого хангалттай үр дүнд хүрч чадаагүйг хөгжлийн суурь үзүүлэлтүүд нотолж байна. Түүнчлэн нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж давхарга эмзэг, нимгэн байгаа нь тэгш бус байдлыг бий болгож, ардчиллын суурь үнэт зүйлст сөргөөр нөлөөлж эхэлж байна. Тиймээс өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэж, ирэх 30 жилийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нь зөв хэмээн Засгийн газар үзжээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал нь суурь 9 зорилго, 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттай аж. 


Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг, Н.Оюундарь, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Д.Тэрбишдагва гишүүн, “2050 он гэхэд 110 сая малтай болно гэсэн тооцоо байгаа ч, бэлчээрийн даац, усны хангамж, тэжээлийн тариалалт ямар байх талаар тодорхой хариулт байхгүй байгаа нь эргээд  ерөнхий асуудал болоод үлдэх вий” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал томоохон бичиг баримт мөн хэдий ч, учир дутагдалтай зүйл байгаа тул ажлын баг гаргаж, зарчмын саналуудыг нэгтгэх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлсэн. 


Тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй айнгын хороо санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Энэхүү тогтоолын төслийг УИХ-ын бүх байнгын хороо хэлэлцэх бөгөөд санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо нэгтгэн, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар төлөвлөөд байна. Төслийг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ