Булган аймагт сүүлийн есөн жил эхийн эндэгдэл гараагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-07 16:37:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг 96,2 хувь байна гэж дүгнэлээ.

Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтээс харахад хүн амын дундаж наслалт дөрвөн жилд 0,58-аар ахиж 73,44 буюу улсын дундаж түвшнээс 3,25-аар өндөр, сүүлийн есөн жил эхийн эндэгдэл гараагүй, эрүүл мэндийн салбарын улсын дундаж үзүүлэлтээс вируст гепатитын өвчлөл 1,3-аар бага, цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчний эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалтын түвшин 4,7-7,1 хувиар их байна.

-“Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэн, нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ дэвшилт техник, технологи нэвтрүүлсэн зэрэг ололт гарсан. Цаашид сумын эрүүл мэндийн байгууллагын хүний  нөөцийн болон тоног төхөөрөмжийн стандартыг хангахад анхаарч ажиллана гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа.

Халдварт сүрьеэгийн эмнэлгийн барилга шинээр ашиглалтад орж, Баян-Агт, Могод, Гурванбулаг сум, Хялганат тосгон, Хутаг-Өндөр сумын Хантай багийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасаг, төрөх эмнэлэг, Эрүүл мэндийн газрын барилгад засвар хийсэн байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн машины парк шинэчлэл хийж, автомашинаар бүрэн хангажээ.

Бүх суманд  “Мобайл технологи”-ийг нэвтрүүлснээр "Хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим"-ыг баримтлан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг алслагдсан сум, багийн иргэдэд тэгш, хүртээмжтэй үзүүлэх нөхцөл бүрдсэн байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зөөврийн дижитал рентген, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, утлага, амьсгалын аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж байна гэж Эрүүл мэндийн газрын мэдээлэлд дурдлаа.

Холбоотой мэдээ