ОХУ, Бразилд өдөрт 10 мянга гаруй "Covid-19"-ийн тохиолдол бүртгэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-09 13:19:13
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ, Испани, Итали, Их Британи, ОХУ, ХБНГУ, Франц, Турк, Бразил, Иран улс "Covid-19" халдвар хамгийн ихээр тархсан 10 улс болж байна. Европын бүсэд ОХУ-д, Америкийн бүсэд Өмнөд Америкт халдварын тархалт их байгааг ЭМЯ-наас мэдээллээ. 


Энэ сарын 8-нд ОХУ-д 10 600 гаруй шинэ тохиолдол, 98 нас баралт бүртгэгджээ. Ингэснээр ОХУ-д нийт тохиолдлын тоо 188 мянга давж, нас баралт 1723 болсон байна. Бразил улсад 10 200 гаруй шинэ тохиолдол, 751 нас баралт бүртгэгдэж нийт тохиолдын тоо 145 мянга, нас баралт 9800 гаруйд хүрчээ.  Итали, Испани, Франц улсуудад өдөрт дунджаар 200 орчим хүн халдварын улмаас нас барж байна.


БНСУ-ын Итавон дүүргийн шөнийн клубээс голомтот халдвар үүссэн байж болзошгүйг тус улсын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ.


ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: "Өнгөрсөн 5 дугаар сарын 2-нд коронавирусний халдвартай хүн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байхдаа Итавон дүүргийн шөнийн клубүүдээр үйлчлүүлсэн ба одоогийн байдлаар 15 хүнд халдвар тараасан нь тогтоогджээ. Тухайн хүн 4 цагийн хугацаанд 2 дэлгүүр, 5 шөнийн клубээр үйлчлүүлсэн бөгөөд түүний явсан газрын нэрсийг олонд зарласан. Тэдгээр газраар үйлчлүүлсэн 1500 орчим хүнийг гэртээ өөрийгөө тусгаарлах дэглэмийг чанд мөрдөхийг зөвлөсөн байна. БНСУ-ын эрх баригчид шөнийн клубүүдийг сайн дураараа нэг сарын хугацаанд үйлчилгээгээ зогсоохыг зөвлөсөн байна" гэв. 


Хонконгийн эрдэмтэд "Covid-19"-ийн эмчилгээнд вирусний эсрэг эмийг дархлаа дэмжих эмтэй хавсран хэрэглэх нь үр дүнгээ өгч байгааг тогтоожээ.


Холбоотой мэдээ