Төсөл хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-05-11 17:16:08

Архангай /МОНЦАМЭ/. “Хөдөөгийн эдийн засгийн хөгжилд жендерийн эрх тэгш оролцоог хангах нь” төслийг Архангай аймгийн дөрвөн суманд хэрэгжүүлэхээр, төслийн багийнхан аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус төсөл нь Европын холбооны санхүүжилтээр МОНЭС /Монголын эмэгтэйчүүдийн сан/, ХХМЭБА /Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид/, Жэрэс ОУБ хамтран Хэнтий, Архангай аймагт хэрэгжүүлнэ.

Эмэгтэйчүүдийг чадавхжуулах, улсын болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, мөн нэмүү өртөг шингэсэн орон нутгийн тогтвортой ноолуур, органик ногоо, тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих  нь төслийн зорилго юм.

Тогтвортой ноолуур гэдэг нь байгаль орчин, малд ээлтэй аргаар үйлдвэрлэсэн ноолуурыг тогтвортой ноолуур гэж үздэг бөгөөд ийм түүхий эдээр бэлтгэсэн эцсийн бүтээгдэхүүн олон улсын зах зээл дээр 15-30 хувь илүү үнэ хүрдэг, цаашид ч өсөх хандлагатай байгаа аж. Гэсэн хэдий ч малын тоо их өсөх нь бэлчээрийн чанарт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс ямааны тоо толгойг нэмэгдүүлэхгүйгээр ноолуурын гарц, чанарыг сайжруулах орчин үеийн арга технологийг зааж сургах, эмэгтэйчүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах юм. Мөн орон нутагт органик хүнсний ногоо тариаланг эрчимжүүлэн хөгжүүлж, хүнсний болон худалдааны аюулгүй байдал сайжирна гэсэн үр дүнг харж байгаа ажээ. Төсөл 2022 оныг дуустал үргэлжилнэ.

Холбоотой мэдээ