“Урт цагаан” төвийг шинэчлэх төсөлд 28 баг бүтээлээ ирүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Урт цагаан”
үйлчилгээний төвийн шинэ барилгын зураг төсөл боловсруулах нээлттэй уралдаанд дотоод,
гадаадын 28 баг бүтээлээ ирүүлсэн байна.
Нийслэлийнхний хамгийн сайн мэддэг эртний үйлчилгээний төв “Урт цагаан”-ыг шинээр барих уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг оюуны бүтээлээ ирүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд зарласан юм.
Ташрамд сонирхуулахад, Өнгөрсөн зууны дунд үед барьсан, олон түмэнд “Урт цагаан” хэмээн нэрлэгдэж ирсэн тус төвд үе үеийн гуталчин, засварчин, оёдолчин, цагчин, зурагчин, дархан мужаан, гар урчууд ажиллаж байсан билээ.
Мөн энд Биеийн тамир спортын анхны “Хоршоолол” нийгэмлэг байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл олон алдар цуутай тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж, улс орон болон дэлхийд нэр алдраа дуурсгасан юм.
“Урт цагаан” байрладаг энэ гудамж нь нийслэл хотын түүхтэй салшгүй холбоотой байдаг.
Улаанбаатар хотын худалдааны анхны гудамж XVIII зууны эцсээс XIX зууны эхэнд үүсжээ. Энэ гудамж дундуур Баруун Сэлбийн гол урсдаг байсан бөгөөд одоогийн Барилгачдын талбайгаас баруун тийш Урт цагаан, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын замын уулзвар хүртэл худалдааны захууд байсан түүхтэй. Энд хүнс, мах, төмөр, мод, чулуу, алт мөнгөний төрөлжсөн зах байснаас гадна монгол урчууд, хятад, орос тэргүүтэй гадаадын худалдааны пүүсүүд байрлаж байлаа.
Харин 1954-1961 онд хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр худалдааны гудамжийг өргөтгөж, хойд хэсэгт архитектор Б.Дамбийнямын зураг төслөөр Хоршооллын худалдаа үйлчилгээний нэгдсэн төвийн барилгыг барьсан нь “Урт цагаан” хэмээн нэршжээ.
Худалдааны гудамжийг 1970 онд Октябрийн гудамж, 2002 онд Жуулчны гудамж хэмээн нэрлэжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, Дүрслэх урлагийн музей, Барилгачдын талбайгаас баруун тийш Бөмбөгөр худалдааны төвийн урд талын Их тойруу, С.Чоймболын гудамжны уулзвар хүртэлх гудамж юм.