Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-05-12 14:31:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Хуулийн төсөол эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тогтолцоонд өөрчлөлт оруулахаар тусгажээ. Дэлхий нийтийн чиг хандлагыг даган эрүүл мэндийн салбар бүхэлдээ үйл ажиллагаагаа цахимжуулах шаардлага тулгараад буйг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байнгын хорооны хуралдааны үеэр хэллээ. Эрүүл мэндийн 2, 3 дугаар шатлалын үйлчилгээ үндсэндээ цахим хэлбэрт шилжсэн бол одоо анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг Засгийн газрын "Хур" системд холбон цахимжуулах аж. Үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг төсөлд тусгаад байгаа гэв. Аль ч шатны эмнэлэгт шинжилгээ, оношлогоо хийлгэсэн тэдгээр нь дараа дараагийн шатны эмнэлэгтээ хүлээн зөвшөөрөгдөх, иргэдэд дахин дахин шинжилгээ, тусгай төхөөрөмжийн өндөр үнэтэй оношлогоо хийлгэх шаардлагагүй болох юм байна. Сум дундын эмнэлгүүдийн статусыг тодорхой болгож, үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг төсөлд тусгасан талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дурдлаа.


Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас зарчмын зөрүүтэй 5 санал гаргасныг байнгын хорооны хуралдааанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3.1.24 дэх заалт болон 2 дугаар зүйлийн 16.10 дахь хэсгийн "хүн амын” гэсний дараа “эрүүл мэндийн" гэж, 1 дүгээр зүйлийн 44.1.7 дахь заалтын “мэдээлэл өгөхийг” гэсний дараа “эрүүл мэндийн байгууллага,” гэж тус тус нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Төслийн 1 дүгээр зүйлийн 8.1.25 дахь заалтын “өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг” гэснийг “өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг” гэж, 8.5 дахь хэсгийн “дахь хэсэгт заасан” гэснийг 19.3.3-д заасан” гэж тус тус өөрчлөхийг мөн хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь дэмжлээ. Төслийн 1 дүгээр зүйлийн 44.1.6 дахь заалтыг “44.1.6.өөрийн байгууллагын ажилтныг энэ хуулийн 8.5-д заасан журмын дагуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамруулах;” гэж өөрчлөн найруулахыг 76.9 хувийн саналаар дэмжсэн юм.


Ийнхүү зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Уг асуудлыг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ