УИХ-ын дэгийн тухай хуулийг батлуулахыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын долоон гишүүний санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжлээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын багийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ахалж байгаа бөгөөд тус ажлын баг төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг төсөлд нэмж тусгажээ. Мөн хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын чанартай зарим засвар хийж, хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна. Үүнээс гадна хууль хоорондын зөрчлийг арилгах шаардлагын үүднээс зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёолол бэлтгэжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь тус зарчмын саналыг дэмжив. Ингээд энэ талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулахаар тогтлоо.