Шинээр байгуулах Аэросити хотыг "Шинэ Зуун мод" гэж нэрлэх санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-12 18:28:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэлээ.


Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотуудыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс Аэросити, Майдар хотыг шинээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Шинэ хотууд байгуулагдсанаар тэдгээрт суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болж, Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.


Байнгын хорооны гишүүд тогтоолын төсөлд тусгасан хотын нэршлийн талаар санал гаргаж байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан төсөлд тусгагдсан “Аэросити” гэсэн нэршлийг “Тулуй” гэж, УИХ-ын гишүүн Н.Энхболд “Шинэ Зуунмод” гэж өөрчлөх санал гаргав. Мөн УИХ-ын гишүүн М.Энхболд Төв аймгийн удирдлагууд “Аэросити” гэсэн оноосон нэрийг “Шинэ Зуунмод” гэж нэрлэх саналтай байгааг гишүүдэд дуулгав. Харин УИХ-ын гишүүн Г.Занданшатар хотын нэршлийн асуудлаар орон нутгийн иргэд, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын саналыг авч судалж нягталсны үндсэн дээр Засгийн газар шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байв.


Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад хотын нэршлийг нэг мөр шийдэхээр тогтов. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг эрчимжүүлж, Дархан, Эрдэнэт хотын болон аймгийн төвүүдийг хот болгох асуудлыг яаралтай оруулж ирж хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл болгохоор тогтлоо.

Холбоотой мэдээ