“Нэг алба хаагч-Хоёр цэцэг” цэцэгжүүлэх уралдаан зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-14 09:23:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд “Нэг алба хаагч-Хоёр цэцэг” цэцэгжүүлэх уралдаан зохион байгууллаа.


Тодруулбал, улсын хэмжээнд өрнөж буй “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд “Ногоон дуу хоолой” уриан дор тус газрын тасаг, алба хаагчдын өрөө, тасалгааг цэцэгжүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор уг уралдааныг явуулсан байна. Энэхүү уралдаан нь эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, тасалгааны цэцгийн үзэсгэлэн гаргаж бусад албан байгууллага, аж ахуйн нэгжийг уриалах ач холбогдолтой юм.

Уралдааны тэргүүн байрт тус газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Буянхишиг, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Нямсүрэн, дэд байрт Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мягмарсүрэн, нярав, цагдаагийн дэд ахлагч Б.Мөнсөл, гутгаар байрт Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ахмад Л.Гантулга нар шалгарлаа.


Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж “Ногоон дуу хоолой” аянд ард иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжийг нэгдэхийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас уриалав.


Холбоотой мэдээ