Чойжин ламын музейтэй танилцах цахим өдөрлөг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “World Monuments Watch 2020” олон улсын хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейгээр аялах "Watch day" хөтөлбөрийг энэ сарын 17-нд цахимаар зохион байгуулахаар төлөвлөснийг Монголын урлагийн зөвлөлөөс мэдээллээ.
Энэхүү цахим аялал нь олон улсын хандивлагч нарт Чойжин ламын сүм музейг сурталчлан таниулах замаар сэргээн засварлах, хамгаалах төсөлд дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын сэргээн засварлагч мэргэжилтнүүдээс техникийн зөвлөмж, туслалцаа авахад түлхэц болох юм.
“Watch Day” өдөрлөгийн хүрээнд, сүм хийдийн барилга архитектур сэдэвт онлайн тайлбарт аялал, цаасан шуумлаар цамын маск урлах цахим сургалт зэргийг явуулах юм. Мөн Чойжин ламын сүмд байсан ч хэлмэгдүүлэлтийн үед устаж үгүй болсон чулуун дурсгал, сүмийн барилгыг виртуал орчинд сэргээн босгосон VR үзмэрийн нээлт болох аж.
Монголын Урлагийн Зөвлөл нь 2020 онд музейн эдэлбэр газарт буюу хэрмэн хашаанаас 7350 мкв талбайд 3500 мкв ногоон байгууламж, 1100 мкв явган хүний боржин чулуун зам, 50 машины авто зогсоолыг М Си Эс Группийн “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр шинээр байгуулж буй бөгөөд музейн хандивлагч дэмжигчдийг энэ сарын 17-25–нд 888 мод бут тарих үйлсэд оролцуулахаар болжээ.
Чойжин ламын сүмийг хадгалах, хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн багаас World Monuments Watch хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг нэр дэвшүүлснийг АНУ дах Дэлхийн хөшөө дурсгалын сангийн бие даасан шинжээч-олон улсын экспертүүд дэмжиж, 2020 оны дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэгээр сонгожээ.
World Monuments Watch 2020 хөтөлбөрт шалгарсан 22 улсын 25 дурсгалт газрууд нь хотжилт, хэт барилгажилт, гэнэтийн осол, байгалийн гамшиг, буруу менежмент, улс төрийн үймээн самуун, мөргөлдөөний улмаас эрсдэлд ороод буй юм. Чойжин ламын сүм музей нь хотжилт, хэт төвлөрөл, бодлогогүй төлөвлөлт, хөрөнгө санхүүгийн гачигдлаас болж эрсдэлд орсон түүх соёлын дурсгалт газрын нэгээр сонгогдож олон улсын тусламж хандив, сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж ийнхүү бүрдээд байгаа юм.