Халдварын шинж тэмдэггүй муурнаас бусад мууранд халдвар дамжжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-05-14 15:34:43

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Висконсоны их сургуулийн мэргэжилтнүүдийн явуулсан лабораторийн туршилтаар шинэ коронавирусний халдварын шинж тэмдэг илрээгүй муурнуудаас бусад мууранд халдвар дамжсан байна.


“Халдвар хүнээс мууранд, муурнаас хүнд дамжих боломжтой эсэхийг нарийвчлан судлах шаардлагатай гэдгийг энэхүү үр дүн харууллаа” гэж судалгааг явуулсан эрдэмтэд лхагва гарагт мэдэгдсэн байна.


Эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн хувьд ийм зүйл тохиолдох магадлалыг маш бага гэж үзжээ. АНУ-ын Мал эмнэлгийн холбооны мэдээлснээр, лабораторийн туршилтын үеэр халдвар дамжсан нь байгалийн нөхцөлд ч мөн адил амархан дамжина гэсэн үг биш ажээ.


“Амьтнаас хүнд халдвар дамжиж болзошгүй гэж санаа зовниж буй хүмүүс ариун цэврээ сайтар сахих хэрэгтэй. Гэрийн тэжээвэр амьтнаа үнсэж болохгүй бөгөөд тэдгээрийг халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд аливаа гадаргууг цэвэр байлгах хэрэгтэй” гэж вирус судлаач Петер Халфмен мэдээлжээ.


П.Халфмен Висконсоны их сургуулийн мэргэжилтнүүдийн хамтаар ахлан явуулсан лабораторийн туршилтын үр дүнг “New England Journal of Medicine” сэтгүүлд лхагва гарагт нийтэлжээ.


Судлаачид халдвартай хүнээс коронавирус авч, гурван мууранд халдварлуулжээ. Үүний дараа муур тус бүрийг эрүүл нэг мууртай хамт байлгахад таван өдрийн дотор нөгөө гурван муурнаас халдвар илэрчээ. Түүнчлэн зургаан муурны алинд нь ч халдварын шинж тэмдэг илрээгүй байна.


“Муурнуудад найтаах, ханиах, өндөр халуурах, жин хасах зэрэг шинж тэмдгийн аль нь ч илрээгүй. Гэрийн тэжээвэр амьтдын эздийн хувьд бол юу ч ажиглагдахааргүй байсан” гэж П.Халфмен ярьжээ.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нью-Йорк мужид өөр өөр газар амьдардаг хоёр муурнаас халдвар илэрсэн бөгөөд тэдгээрийг эзнээсээ юм уу хөршөөсөө халдвар авсан хэмээн үзсэн юм. Мөн Нью-Йорк хотын “Бронкс” амьтны хүрээлэнгийн бар, арслангуудаас халдвар илэрсэн билээ.


"Халдварын эдгээр тохиолдол болон лабораторийн туршилтын үр дүнгээс үзэхэд халдвар хүнээс мууранд, муурнаас хүнд халдварлах боломжтой эсэхийг илүү нарийвчлан судлах шаардлагатай" гэж дээрх судалгаанд тэмдэглэжээ.


АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн удирдамжид дурдсанаар, одоогоор гарсан мэдээллүүдэд дүн шинжилгээ хийхэд коронавирус гэрийн тэжээвэр амьтнаас хүнд халдварлах магадлалыг маш бага гэж үзэж байна гэжээ.


Мөн Мал эмнэлгийн холбоо, амьтдаас хүнд халдвар дамжсан гэх нотолгоо байхгүй байна гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч гэрийн тэжээвэр амьтнаас хүнд халдварладаг олон өвчин байдаг тул ариун цэврээ сайтар сахихыг уриалаад, амьтадтайгаа харьцахын өмнө болон дараа гараа угааж, тэдгээрийн хоол, усны аягыг цэвэрхэн байлгахыг зөвлөжээ. 

Холбоотой мэдээ