Бургастай боомтыг нээж, төмрийн хүдрийн ачаа тээвэрлэлтийг эхлүүллээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-05-14 18:33:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах БНХАУ-ын Лаоемяо боомттой хиллэдэг Бургастай боомтыг нээж, төмрийн хүдрийн ачаа тээвэрлэлтийг эхлүүллээ.


Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд тус боомтод ажиллан “Алтайн хүдэр” ХХК-ийн төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлтийг эхлүүлэх бэлтгэл ажилтай газар дээр нь танилцсан. Холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалтаар мөрдөн ажиллах зохион байгуулалтын схемийг баталсан юм. Үүний дагуу тус аймаг дахь Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хилийн цэргийн 0124 дүгээр анги, Гаалийн хорооны удирдлага, алба хаагчид болон “Алтайн хүдэр” ХХК-ийн удирдлагуудад хэд хэдэн үүрэг даалгавар өгч бүрэн хэрэгжсэн тохиолдолд боомтын үйл ажиллагааг эхлүүлэх болсны дагуу ийнхүү “Бургастай-Лаоемяо” боомтыг нээжээ. 


Хилийн “Бургастай” авто замын боомт нь 1991 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг “Бургастайн булаг” нэртэй газар байгуулагдсан. 2010 онд “Шинэ Бургастай” нэртэй газар шилжиж байрласан юм. “Алтайн хүдэр” ХХК-ийн уурхай сар бүр Говь-Алтай, Ховд аймгийн 40 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдээс 8,6 тонн мах, 560 литр сүү, сүүн бүтээгдэхүүн, 11,7 тонн хүнсний ногоо зэрэг ахуйн хангамжийн бараа материалын худалдан авалт хийж, уурхайчдын хоол хүнсэнд ашигладаг байна. Эдгээр орон нутгийн ханган нийлүүлэгч жижиг, дунд үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд сард 152,0 сая төгрөгийн төлбөрийг шилжүүлдэг бөгөөд тус боомт нээгдсэнээр уурхай ажиллаж, улмаар экспорт сэргэн, орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх чухал ач холбогдолтой юм. 

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Бургастай боомтоор "Алтайн хүдэр" ХХК жилд дунджаар 1-1.16 сая тонн төмрийн хүдэр экспортолж, улсын төсөвт 15.7 тэрбум төгрөг орон нутгйин төсөвт нэг тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.


Холбоотой мэдээ