“Хашаандаа мод таръя-Алтай хот” аян өрнөж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-05-16 11:43:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын мод бут тарих захирамжийн дагуу “Хашаандаа мод таръя-Алтай хот” аян өрнөж байна. 


Энэхүү аяны хүрээнд Есөнбулаг сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд өрх бүрт очин гэрээ байгуулан хөнгөлөлттэй үнээр модны суулгац өгсөн. Тодруулбал, нэг өрхөд хоёр модны суулгац олгож буй бөгөөд суулгацны үнийн дүнгийн 50 хувийг сумын ЗДТГ-аас, үлдсэн 50 хувийг тухайн иргэн хариуцаж байгаа юм. 

Уг гэрээнд зааснаар модны ургалтыг тухайн хашааны эзэмшигч хариуцаж, модны ургалтын гэрээг тавдугаар сарын 31-ний дотор дүгнэхээр заажээ. Гэрээг дүгнэхэд хөнгөлөлттэй үнээр олгосон хоёр мод ургасан бол тус бүр 5000 төгрөгийн урамшуулал өгөх, эсвэл жимсний модны хоёр суулгацыг үнэ төлбөргүйгээр олгох юм. Харин модоо ургуулж чадаагүй тохиолдолд суулгац тус бүрийг 5000 төгрөгөөр тооцон Есөнбулаг сумын ЗДТГ-т өгөх ажээ. 

Энэхүү бүх нийтээрээ мод тарих аянд Есөнбулаг сумын харъяа байгууллага, оршин суугчид идэвх санаачилгатай оролцож байгаа тухай тус сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ