Гэрэл зургийн уралдаанд 339 уран бүтээлч 1273 бүтээлээрээ оролцжээ

Фото
185@montsame.mn
2020-05-15 21:07:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 1-15-ны өдөр хүртэл зохион байгуулсан "Төрөлх-Алтай Миний дуранд" гэрэл зургийн уралдаанд нийт 339 уран бүтээлч 1273 гэрэл зураг, гайхамшигт бүтээлээрээ оролцжээ.


Оролцогчид мэргэжлийн, сонирхогчийн ангилалд Говь-Алтай аймагт хамаарах байгалийн гэрэл зураг, соёл-ахуй амьдралын гэрэл зураг төрлүүдээр оролцсон байна. Уралдааны Ерөнхий шүүгчээр Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт гэрэл зурагчин, гэрэл зургийн "Гамма" агентлагийн захирал С.Цацралт, шүүгчээр Монгол Улсын Ерөнхий сайдын зурагчин, аялагч Г.Ган-Өлзий, Спортын гэрэл зурагчин В.Түмэнбаяр нар ажиллаж байна. Уралдааны дүн тавдугаар сарын 17-ны өдрийн 15:00 цагт гарна хэмээн зохион байгуулагчийн зүгээс мэдээлэв.


"Төрөлх-Алтай" ТББ -аас төрж, өссөн нутаг орон, аймгийнхаа ахуй, соёл, амьдрал, байгалийн дурсгалт газрын олон янзын өнгө төрх, хэв шинж, гайхамшгийг гэрэл зургийн агшинд буулгах, хадгалан үлдээх, өвлүүлэх зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулжээ.