Нэр дэвшигчдээ албан ёсоор зарлах МАН-ын Бага хурал эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын ээлжит VI бага хурал өнөөдөр 10.30 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Хурлаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсээ албан ёсоор тодруулан зарлаж, СЕХ-нд хүргүүлэх юм.
Хурал Бага хурлын гишүүдийн 84.6 хувийн ирцтэй эхэлж буйг Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдээлж, хуралдааны даргаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Энхтүвшин болон орлогч даргаар Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа нарыг сонгож буй талаар санал хураалгаж дэмжигдэв. Үүний дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүлж буйг зарласан юм. Хурал 6 өрөө болон хуралдааны Их танхимд гишүүд метрийн зайтай, бүгд амны хаалттай сууснаар цахим байдлаар эхэлсэн юм.
Мөн өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) хуралдаж намаа төлөөлөн УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нэр дэвшигч нараа албан ёсоор зарлана. Тус намын хурал 12.30 цагт АН-ын байранд яг одоо эхэлж байна.
Ирэх 6 дугаар сарын 24-нд болох УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдээд байгаа юм.
Гэрэл зургийг Т.Чимгээ. Б.Чадраабал