АН: ҮБХ-ноос тогтоосон намын татварыг бүх нэр дэвшигч төлсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-05-16 15:58:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг намын дунд шатны байгууллагаас ирүүлсэн санал болон судалгааны дүн голлон харгалзан тодруулна гэдгээ мэдэгдэж байна. 

Энэ талаар өнөөдөр хуралдаж буй тус намын Үндэсний бодлогын хорооны XV хуралдааны үеэр АН-ын ХЭГ-ын дэд дарга Б.Баттулга мэдэгдлээ. Тэрээр, намын дотоод журмаар ҮБХ-ноос тогтоосон намын татвартай холбоотой асуудлыг бүх нэр дэвшигч хангасан гэдгийг тодотгож хэллээ.


Хуралдааны эхэнд Сонгон шалгаруулалтын хороо хуралдаж намын анхан шатны байгууллагуудаас ирүүлсэн нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэв. АН-ын дүрмийн дагуу Сонгон шалгаруулах хорооноос ҮБХ-ны хуралдаанд нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өргөн барина. Үүний дараа нэр дэвшигчдийг тодруулах юм. Хуралдааны үеэр зарим гишүүн намын даргыг солих хэрэгтэй гэсэн санал гаргасан ч энэ асуудлыг намын дүрмээр тусад нь авч шийддэг учир  энэ удаагийн хуралдаанаар ярихгүй, зөвхөн нэр дэвшигчдийг тодруулах талаар хэлэлцэж байна гэсэн хариуг өгч байна. Хуралдаан үргэлжилж байна. 

"COVID-19"-ийн халдварын нөхцөлд тус намын ҮБХ-ны 400 гаруй гишүүн цахимаар хуралдаж байна. 


Холбоотой мэдээ