Эрдэнэмандал,Тариат, Хотонт суманд жүдо бөхийн дэмжээ, кимоно өглөө

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-05-19 15:33:46

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Биеийн тамир спортын газраас жүдо бөхийг хөдөө орон нутагт хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, аймгийн шигшээ багийг шалгаруулах зорилгоор БСШУСЯ-нд Жүдо бөхийн хэрэглэл материалын хүсэлт тавьсан байна.

Үүний хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас аймгийн Биеийн тамир, спортын газарт 1х2 метрийн харьцаатай 72 ширхэг жүдо бөхийн дэвжээ /татами/-г өглөө. Эдгээр дэвжээг улс, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа амжилттай бэлтгэн, тогтмол өндөр амжилт үзүүлдэг гурван сумыг сонгон хуваарилжээ.

Эрдэнэмандал суманд 28 ширхэг буюу 56 м.кв дэвжээг өгсөн бол Тариат, Хотонт суманд тус бүр 22 ширхэг буюу 44 м.кв дэвжээг хуваарилжээ. Мөн аймгийн БТСГ-аас дээрх гурван суманд тав таван ширхэг жүдо бөхийн өмсгөл /кимоно/-г бэлэглэлээ. Жүдо бөхийг хөдөө орон нутагт хөгжүүлэх зорилгоор жүдо бөхийн дэвжээгүй ч тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулдаг сумдад ийнхүү дэвжээ олгож байгаа юм.

Ташрамд дурдахад анхны олимпод оролцож байсан Монгол Улсын начин Л.Рэнцэндорж Эрдэнэмандал сумаас амжилтын гараагаа эхэлсэн түүхтэй. 

Холбоотой мэдээ