Угсаатны зүйн үзмэрүүдээс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-21 18:57:52

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Музейн хамт олон “Цахим музей”-гээрээ дамжуулан энэ долоо хоногт угсаатны зүйн үзмэрүүдээ танилцуулж байна. Энэ удаад танилцуулах үзмэр мөнгөн сам, нууц цоож, хаш сийлбэр.


Хаш сийлбэр: 

Ногоон хашаар хийсэн, маш уран нарийн хийцтэй, уулын нугад байгаа буга согоо, шувуу, мод, цэцэг навч зэргийг маш жижиг орон зайд хослуулан, ур чадвар гаргаж сийлбэрлэсэн уг бүтээл нь музей үзэгчдийн сонирхлыг ихээхэн татдаг байна. Сийлбэрийн урт нь 10 см, өргөн нь 9,5 см, зузаан нь 2.5 см бөгөөд жин нь 0.160 гр байна. Хятад хийцийн уг үзмэрийг 1959 онд Музейн ахмад ажилтан Б.Самбуу Увс аймгийн Өндөрхангай сумын Цагаан лам гэдэг хүнээс авч музейн сан хөмрөгт оруулжээ.


Мөнгөн сам

Цул цагаан мөнгөөр хийсэн, нум хэлбэртэй, эмэгтэй хүмүүс үсэндээ зүүж хэрэглэдэг байсан. Энэхүү сам нь урд нүүрнийхээ голд бадмаараг таван хошуутай. Мөн хоёр захдаа тана, дундаа шүр эрдэнэ шигтгээтэй, хүрээн дээрээ цэцгэн хээ сийлсэн мөнгөн сам юм.

Самыг мод, төмөр, мөнгөөр түүхийн урт хугацаанд хийсээр ирсэн байдаг. Мөнгөн самыг ХХ зууны дунд үеийн эмэгтэй хүмүүс үс самнах болон гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглэдэг байжээ. Харин одоо цагт нэг их хэрэглэгдэхээ больжээ. 1950 онд Цэзэн гэдэг хүн урласан энэхүү самыг 1968 онд аймгийн Музейн сан хөмрөгт авчээ.


Нууц цоож

Дугуй хэлбэртэй энэхүү нууц цоож нь зэс дугуй суурьтай нүүрэн талын дугуйд мөнгөн сийлмэл хээтэй, дундах дөрвөлжин дотор нэг ширхэг улаан бадмаараг шигтгээтэй. Дөрвөлжин хүрээний гадуур өлзийтэй угалз хээ товойлгон сийлсэн. Дугуй хавтгай цоожны ар өвөр тал нь зэс, нүүрэн талд мөнгөн хээтэй хавтгай давхар суулгасан. Цоож нь түлхүүргүй, хажуу бөөрний 6 хэсэг зэс товруутай оньсоор цоожилж, онгойлдог байна. Хажуу талын 2 захаар гуулиар эмжсэн. 1964 онд Увс аймгийн Бөхмөрөн сумын Зүйпэл гэх хүнээс авч Музейн сан хөмрөгт оруулжээ. Бүтээлч нь тодорхой бус.

 

Холбоотой мэдээ