Хойд төв замын ажил хэвийн үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-05-21 23:07:05

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг дарга “Магнай трейд” ХХК-ийн үйл ажиллагааг хориглосон хоёр ч захирамж гаргаад байгаа юм. Харин “Магнай трейд” ХХК дээрх захирамжийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. Энэ талаар Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс тодрууллаа.


-“Магнай трейд” ХХК-ийн зарим үйл ажиллагааг хориглосон хоёр ч захирамжийг Та гаргасан. Энэ талаар эхлээд мэдээлэл өгөөч?

-Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг буюу газрын тосны 17 дугаар талбай дээр “Магнай трейд” ХХК хайгуул хийхээр өрөмдлөгийн цамхаг байрлуулсан байсныг албадан чөлөөлөх захирамж гаргасан. Мөн хойд төв зам тавьж байгаатай холбоотойгоор “МТ” ШТС-ын газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор захирамжилсан. Үүнтэй холбоотойгоор “Магнай трейд” ХХК шүүхэд хандсан юм билээ.

-Шүүхээс ямар шийдвэр гаргав?

-Шүүхэд түдгэлзүүлэх хүсэлт өгнө гэдэг нь аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийн биелэлтийг түр азнаач гэсэн л үг шүү дээ. Шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийж, миний гаргасан захирамжуудыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.

-МТ шатахуун түгээгүүрийн станцын газар эзэмших эрх нь дууссан байсан юм уу?

-2019 оны есдүгээр сарын 17-ны өдөр 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн хугацаа нь дууссан юм. Ямар нэг зөрчил гаргаагүй бол хугацааг нь сунгах ёстой гэж Газрын тухай хуулинд заасан байдаг л даа. Гэхдээ бидний зүгээс ямар шаардлага тавьсан бэ гэхээр “Танай компани 15 жилийн турш Дорнод аймгийн зах зээл дээр ашигтай ажиллалаа. Одоо харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зам тавьж байгаа учраас олон нийтийн эрх ашгийг хүндэтгэж газрыг чөлөөлөх ёстой” гэсэн зарчмын асуудлыг л ярьсан. Хэрэв замтай давхцаагүй бол мэдээж тодорхой ажлын байр гаргаад, зах зээлд өрсөлдөөд явж байгаа компанийн үйл ажиллагаанд аймаг оролцохгүй шүү дээ.  

-Ер нь ажиглаад байхад зүй ёсны шаардлага тавиад, эрх мэдлийнхээ хүрээнд захирамж гаргаад явахаар компаниуд шүүхэд ханддаг тохиолдол цөөнгүй харагддаг?

-Энэ бол хотын хөгжлийн явцад гарч ирж байгаа нөхцөл байдал. Тиймээс чөлөөлж өгөө л гэж байгаа юм. Аймгийн Засаг дарга бол орон нутгийн ААНБ, бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ бодлогоор дэмжих ёстой. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах бүрэн үүрэг хүлээсэн субъект. Гадаадын хөрөнгө оруулалттай болон үндэсний хэмжээний томоохон компаниуд дураараа авирлах, төрийн албыг үл ойшоох тохиолдол гардаг нь нууц биш. Үүний тодорхой жишээ бол энэ газрын тосны хайгуулын талбайнууд л даа. Өнгөрсөн онд “Петро Матад” компанийн газрыг албадан чөлөөлөх шийдвэрийг гаргаж, шүүх дээр маргасан хэдий ч эцэстээ газар чөлөөлөхөд гаргасан зардлаа хүртэл биднээс нэхэмжилсэн. Түүнтэй адил энэ 17 дугаар талбайн шүүх хурал нь үргэлжлээд гурван шатны шүүхээр явна шүү дээ. Энэ удаагийнх бол зөвхөн анхан шатны шийдвэр. Зарим компани энэ мэтчилэн шийдвэр гаргасан хүнийг шүүхэд өгөөд нурууг нь авчихдаг, ажил хэргээ хэвийн явуулахад нь саад болох тохиолдол мэр сэр бий.

-Зам ирэх намар гэхэд ашиглалтад орох ёстой шүү дээ. МТ шатахуун түгээгүүрийн станц газраа чөлөөлж өгөхгүй бол хүлээсээр л байх хэрэг үү?

-Мэдээж гурван шатны шүүхээр явахаар цаг хугацаа орно. Гэхдээ шүүхийн эцсийн шийдвэрээс үл хамаараад газрыг чөлөөлөх ажиллагаа явагдах бүрэн боломжтой болсон гэсэн үг. Учир нь түдгэлзүүлэх хүсэлтийг шүүх сая хүлээж аваагүй.  

-Цаг үеийн асуудалд хариулт өгсөнд баярлалаа. 

Холбоотой мэдээ