Ө.Энхтүвшин: COVID-19-өөс сэргийлэх хоёр үе шаттай арга хэмжээ хэрэгжүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар, COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлж байгаа арга хэмжээний хэрэгжилтийн асуудлаар тайлагнаж, хэлэлцэх юм.
Мөн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, зарим үүрэг даалгавар өгнө гэдгийг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин, "Өнөөдрийг хүртэл УОК-ын 21 удаагийн хурал болжээ. Нийт найман удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улс шинэ коронавирусний халдвар дэгдэх өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн. Өнгөрсөн хугацаанд хоёр үе шаттай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан" хэмээн тодотгоод, энэ хуралдаанаар аль арга хэмжээ нь оновчтой байсан, юунд сургамж авсан гэдгийг дүгнэн хэлэлцэнэ хэмээв.
Тэрбээр, "БНХАУ-д шинэ коронавирусний халдвар эрчимтэй дэгдэж байсан үед УОК-ын есөн хурал болсон. Тодруулбал, нэгдүгээр сараас 3 дугаар сарын 10 хүртэл Монгол Улсад халдвар тархахаас сэргийлж, сургууль цэцэрлэг, МСҮТ-ийн танхимын сургалтыг хязгаарлахын зэрэгцээ Монгол түмний уламжлалт цагаан сар болон бусад баяр, олон нийтийн арга хэмжээг цуцалсан. Мөн агаарын тээврийг хязгаарлаж, гадаад иргэн нэвтрүүлэхгүй байхаас гадна ашигт малтмалын экспортын тээврийг зогсоосон. Түүнчлэн хилээр орж ирж буй бараа, материалыг ариутгаж нэвтрүүлэх, БНСУ, БНХАУ-аас дамжин ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээг авсан. Монгол иргэдээ гурван хилийн боомтоор нэвтрүүлж мөн тусгаараласан. Үүний зэрэгцээ халдвар тархсан үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж шаардлагатай тоног төхөөрөмж, тусгаарлах байрыг бэлтгэж, эмч, ажилчдын бэлэн байдлыг хангасан. Мэдээллийг нэг сувгаар дамжуулах шийдвэрийг хэрэгжүүлсэн. Энэ үед Монгол Улсын Засгийн газар, УОК-оос хэрэгжүүлсэн арга хэмжээ нь дэлхийн бусад улс орнуудаас эрт, зөв байсан гэж дүгнэж байна" хэмээв.
Тэрээр урьдчилан сэргийлэх хоёрдугаар үе шат гуравдугаар сарын 10-нд Франц улсын иргэнээс халдвар илэрсэн цагаас эхэлсэн бөгөөд эхний шатны бүх хорио цээрийн арга хэмжээг чангатгаж, өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж байгааг тэмдэглэв. Энэ хугацаанд зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлоос халдварыг дотооддоо алдахгүй байх, өвдсөн хүмүүсийг тусгаарлаж, эдгээх, эдийн засгаа дэмжих багц арга хэмжээг хэрэгжүүлсэн гэлээ.
Гуравдугаар сарын 12-ноос хойш нийт 12 удаа УОК хуралдаж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг хугацааг тавдугаар сарын 31 хүртэл сунгаж, цэцэрлэг, сургуулийн танхимын сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл зогсоосон. Гадаадаас ирж байгаа иргэдээ 14 хоног тусгаарлаж байсан хугацааг сунгаж 21 хоног болгосон.
Шинэ коронавирусний халдвар багасах хандлага ажиглагдаж байгаа орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулсны улмаас цар тахлын хоёр дахь үе шат эхэлж байгааг сүүлийн үеийн мэдээнүүд харуулж байгааг тодотгов. Тухайбал, БНСУ, Франц улс сургуулийн танхимын сургалтыг эхлүүлснээр, халдвар нэмэгдэх болсон. Тиймээс танхимын сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл зогсоосон нь оновчтой шийдвэр байсан хэмээн онцлов.
Өнгөрсөн хугацаанд гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг үе шаттай, улс орныхоо нөөц боложийг ашиглан хэрэгжүүлж байгааг хэллээ. Ингэхдээ, гадаадад байгаа 180 мянган иргэнээ бүрэн татан авах боложмгүй тул хүсэлт гаргасан иргэдээ татан авч байгааг онцоллоо. Ингээд нэгдүгээр сарын 6-нд БНХАУ-д халдвар эрчимтэй дэгдэж, ДЭМБ-аас Монгол Улсыг өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн цагаас эхлэн 64 мянга гаруй монгол иргэнээ эх орондоо ирсэн. Үүний 54 мянга нь халдвар дэгдэж эхлэх үед эх орондоо ирэх уриалгыг авч ирсэн. Харин 8000 гаруй иргэнийг зохион байгуулалттайгаар төмөр зам, агаарын тээвэр, автомашинаар татан авч тусгаарласан хэмээн танилцууллаа.
Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өглөө. ХӨСҮТ-өөс өнөөдөр нэг хүн эдгэрч гарсан байна. Нийт манай улсад батлагдсан 141 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 33 нь эдгэж дараагийн хяналтад орсон бөгөөд 108 хүн эмчилгээнд байна. Насны хувьд, наймаас 64 насны хүн байгаагийн дундаж нь 24 нас байна. 15-аас доош насны 5, 50 аас дээш насны есөн иргэн байна. Эдгэрч гарсан хүмүүсийн 19 нь сувилалд, дөрөв нь гэртээ байгаа бөгөөд 10 хүний ажиглах хугацаа дуусчээ. Нэгдүгээр сарын 16-наас өнөөдрийг хүртэл 12555 хүнд шинэ коронавирусний шинжилгээ хийсэн. Улсын хэмжээнд зургаан лабораторид долоо хоног бүр амьсгалын замын халдварт өвчтэй хүмүүст шинэ коронавирусний тандалтын шинжилгээ хийхэд, халдвар илрээгүй. Үүнээс манай улс дотоодод халдвар байхгүй гэдгийг баталсан" хэмээв.
УОК-ын өргөтгөсөн хуралдаанаар үргэлжлүүлэн COVID-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайд болон холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсож байна.