Увсад санал хураалт 6-21 цагт явагдана

Орон нутагт | Увс
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 17:36:18

Тодруулга

Увс аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнээс УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийн бэлтгэл ажил ямар шатанд яваа талаар тодрууллаа.

-Аймаг, сумын Сонгуулийн хороод байгуулагдаад ажилдаа орчихсон байгаа. Тэгэхээр сонгуулийн бэлтгэл ажил ямар шатанд явна вэ?

-Монгол Улсын Сонгуулийн тухай хууль шинэчлэгдэн гарч 2015 оны 12-р сарын 25-ны өдрөөс эхлэн хэрэгжсэн. Энэ хууль нь УИХ-ын болон орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль тус тусдаа өөр өөр хуулиар явагддаг байсныг нэг багц болгон шинэчлэн гаргасан. Ингэснээр УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийг 6-р сарын 29-нд зохион байгуулахаар болж, аймаг, сумын  Сонгуулийн хороод байгуулагдан ажиллаж байна.

   Сонгуулийн Ерөнхий Хорооны 2016 оны 4-р сарын 18-ны өдрийн 21 тоот тогтоолоор Увс аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Аймгийн Сонгуулийн хороо байгуулагдсан өдрөөсөө эхлэн үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд бидний хамгийн эхний ажил бол Сонгуулийн хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь, сонгуулийн хугацаанд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж баталсан. Дараагаар нь сумын Сонгуулийн хороог 4-р сарын 25-аас өмнө байгуулах хуулийн заалтын дагуу сумын Сонгуулийн хороог 4-р сарын 24-ний өдөр байгуулж, дарга, нарийн бичиг болон гишүүдийг гэрчилгээжүүлэх сургалт явуулж, Сонгуулийн Ерөнхий Хуулийг танилцуулах, сумын Сонгуулийн хороог хэрхэн удирдан ажиллах  чиглэлээр тодорхой ажил үүргүүд өгсөн.

   Сумын Сонгуулийн хороо сонгуулийн хуулийн дагуу Санал авах байранд ажиллах хүмүүсийг томилох ёстой. Хуучин хуулиар бол Сонгуулийн Хэсгийн байр гэдэг байсан бол шинэ хуулиар энэ ойлголт байхгүй болж Санал авах байр гэх болсон. Санал авах байранд 5-аас доошгүй хүн ажиллана. Сонгуулийн хороод байгуулагдахаас өмнө аймгийн ИТХ сум бүрээс санал авч сонгуульд ажиллах хүмүүсийн Мэдээллийн санг бий болгосон. Манай аймгийн Мэдээллийн санд 920 гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд эдгээр хүмүүс нь дандаа төрийн албан хаагчид байгаа. Шинэ хуулиар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид сонгуулийг удирдан зохион байгуулна гээд хуульчлаад өгчихсөн. Иймээс Мэдээллийн сандаа түшиглэн сум, аймгийн Сонгуулийн хороо, Санал авах байранд ажиллах хүмүүсийг томилж ажиллуулж байна. Сумын Сонгуулийн хороог  таван хүний бүрэлдэхүүнтэй, харин аймгийн төв болох Улаангом сумын Сонгуулийн хороог хүн амын тооноос хамаарч 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж байна.

-Сонгогчдын нэрсийн жагсаалт бэлэн болсон уу?

-Одоогоор сонгогчдын нэрс, тоо эцэслэн гарч ирээгүй байна. Аймгийн Бүртгэл, статистикийн газраас сонгогчдын нэрсийн жагсаалт, тоотой холбоотой бүх баримтыг хуулийн хугацаанд бэлэн болгож, аймаг, сумын Сонгуулийн хэсэг, хороодод хүргэх ажлыг зохион байгуулна. Нэрсийн жагсаалтад иргэд өөрсдийнхөө нэрийг байгаа эсэхийг www.burtgel.mn хаягаар орж  шалгаж үзэх боломжтой.

-Энэ удаагийн сонгуулийн онцлог нь юу бэ?

-УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгууль хамт явж байгаагаараа онцлог. Тиймээс иргэд энэ удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүн болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөө зэрэг сонгох сонгууль болно. УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгууль болсны дараа орон нутгийн сонгуулийг зохион байгуулахаар хуульчилсан. Орон нутгийн сонгууль ирэх 10-р сарын сүүлчийн 15 хоногт болно.

-Аймгийн ИТХ-ын сонгуульд хэчнээн нам, бие даагчид нэр дэвшихээр болоод байна вэ?

-Манай аймагт өнөөдрийн байдлаар МАН, АН, МАХН, ХҮН гэсэн 4 нам, 3 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлээд байна. Эдгээр намууд болон бие даагчид маань аймгийн Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө шалгуулж дүгнэлтээ гаргуулсан. СЕХ-ноос гаргасан журмын дагуу нэр дэвшигчид материалаа бүрдүүлж бүртгүүлэх юм. Жишээлбэл, бие даан нэр дэвшигч гэхэд тухайн нэр дэвшиж байгаа тойргоосоо 201-ээс доошгүй хүний гарын үсгийг цуглуулсан байх ёстой.

   Өмнөх сонгууль холимог системээр явагдахад 29 төлөөлөгч мандатаар, 12 төлөөлөгч квотоор аймгийн ИТХ-д сонгогдож байсан бол энэ хуулиар орон нутагт квотыг байхгүй болгосон.

   Ингэснээр аймгийн ИТХ-ын сонгууль 30 тойрогт 41 мандаттайгаар явагдах бөгөөд үүнээс Тэс сум 3 мандаттай, Зүүнговь, Тариалан, Өндөрхангай, Өмнөговь, Наранбулаг сум тус бүр хоёр мандаттай байхаар болсон. Мөн Улаангом сумын 7, 3, 4, 10-р багууд тус тус 2 мандаттай, бусад сум, Улаангомын зарим багууд тус бүр нэг мандаттай байхаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоосон.

-Сонгуулийн хуулийг сурталчлах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Мэдээллийн санд багтсан 900 хүнээ сургаж гэрчилгээжүүлэх ажил эхний ээлжинд бидний өмнө тавигдаж байгаа. Сонгогчдод сонгуулийн хууль сурталчлах, сонгуулиа зохион байгуулах ажил мэдээж амин чухал. Тиймээс орон нутгийн телевизүүд болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонгуулийн хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулна. Үүнээс гадна шат шатны хурлууд бас сонгуулийн хуулийг сурталчлах ажлыг хийх ёстой бөгөөд энэ ажил хийгдээд явж байна. Иргэдэд анхааруулах ёстой хамгийн гол зүйл бол өмнө нь бид УИХ-д сонгох хүндээ санал өгдөг байсан бол одоо дээр нь нэмээд аймгийн ИТХ-д сонгох хүндээ мөн санал өгнө гээд давхар давхар үүргүүд гарч ирж байгаа. Иймээс нэлээд нарийвчилсан тайлбарууд хэрэгтэй болж байна. Сонгууль ирэх 6-р сарын 29-нд болно. Манай аймагт орон нутгийн цаг гэж нэг онцлог зүйл бий. Тэгэхээр улсын хэмжээнд сонгууль өглөөний 7 цагаас оройн 22 цагийн хооронд явагдана. Манай аймагт бол орон нутгийн цагаас шалтгаалаад өглөөний 6 цагаас оройн 21 цаг хүртэл санал хураалт явагдахаар хуульчлагдсан байгаа.

-Сонгуулийн сурталчилгаа хэзээ эхлэх вэ? 

-Сонгуулийн сурталчилгаа их богино хугацаанд хийгдэнэ. Үндсэндээ ирэх 6-р сарын 11-ээс эхлээд 14 хоногийн хугацаатай явагдах юм. Энэ хуулинд өмнө нь гарч байсан зөрчлүүдийг багасгах маш олон нарийвчилсан заалтуудыг оруулж өгсөн. Тухайлбал, сонгогчдоос санал авах зорилгоор мөнгө төгрөг, бэлэг сэлт тараах, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах гэх мэт зүйлсийг хориглосон. Сонгуулийн хуулийг зөрчсөн нэр дэвшигч нэрээ татуулах магадлал их өндөр байгаа учраас хуулийг шат шатандаа хэрэгжүүлж ажиллах нь хамгаас чухал байна.

   Ямартай ч сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад сурталчилгаа явуулсан гэсэн зөрчил мэдээлэл одоогоор бидэнд ирээгүй байна.

-Сонгуулийн зардал тодорхой болсон уу?

-Зардлын хувьд эцэслэн батлагдаагүй байна. Аймаг, сумын Сонгуулийн хороодын тамга, тэмдэг хүрэлцэн ирснийг тарааж өгсөн. Мөн Төрийн сан дээр бүх хэсэг, хороодод данс нээж өгсөн байгаа. Сонгуулийн санхүүжилтыг үе шаттай шийдэж байгаа. Эхний ээлжинд сургалтын зардлууд ирсэн. Цаашдаа ямар хэмжээний зардал ирэхийг мэдэхгүй. Ирсэн хэмжээгээр нь зохион байгуулсан ажлынхаа хүрээнд зарцуулалтаа хийгээд явж байна.

-Сонгогчиддоо хандаад та юу гэж хэлэх вэ?

-УИХ-ын гишүүдийг болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль бол маш их түүхэн хариуцлагатай сонгууль. Сүүлийн үед манай сонгогчдын ирц багассан мэдээлэл байгаа. Тийм болохоор нийт сонгогчид маань сонгуулийн өдөр иргэнийхээ үүргээ биелүүлж сонгуульд оролцож саналаа өгөөрэй гэж хэлэх байна. Яагаад гэхээр бид ирэх дөрвөн жилд улс эх орноо удирдах, аймаг орноо толгойлох хүмүүсийг сонгох гэж байгаа учраас энд иргэн болгон оролцох ёстой. Үндсэн хуулиар баталгаажуулсан дөрвөн жилд нэг удаа олгогдож байгаа эрхээ эдлэж сонгуульдаа 100 хувь оролцоорой хэмээн иргэддээ хандан уриалж байна.

   Аймгийн Сонгуулийн хороо ЗДТГ-ын 307 тоот өрөөнд байрлаж байгаа бөгөөд иргэд сонгогчид сонирхсон асуудлаараа бидэнтэй холбогдож мэдээлэл авах боломжтой.

-Танд баярлалаа.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ