Он дамнан барьж буй цэцэрлэгийг ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-05-23 16:09:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Налайх дүүрэгт ажиллалаа.

Тус дүүргийн 3 дугаар хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар “Долт Интернэншл” ХХК, БСШУСЯ-тай хамтарсан гэрээг 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр байгуулжээ. Гэрээнд 2019 оны наймдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар заасан ч барилгын ажил ямар нэгэн шалтгаангүй удааширсаар өнөөдөр 40 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өмнө нь хэд хэдэн удаа ирж цэцэрлэгийн барилгын ажлыг түргэвчлэхийг гүйцэтгэгч компанийханд шаардаж байсан. Гэсэн хэдий ч гүйцэтгэгч компани маш хариуцлагагүй ажиллаж байгаагаас ийнхүү барилгын ажил он дамнан үргэлжилж байна.

Хотын Захирагч тус цэцэрлэгийн барилгын ажлын явцыг шалгаж, гүйцэтгэл туйлын хангалтгүй, чанар стандартын дүрэм журам зөрчсөн нь илт байна гэдгийг тус компанийн барилгын инженер Т.Мэндбаярт хэллээ. Түүнчлэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болон тус дүүргийн Засаг дарга, албаны хүмүүст барилгын ажлыг өдөр бүр хянаж байхыг үүрэг болголоо.

Мөн долоодугаар сарын 1 гэхэд цэцэрлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгасан байхыг онцгойлон анхааруулж, тогтсон хугацаанд чанар стандартын шаардлага хангасан хийж гүйцэтгээгүй байвал хариуцлага тооцно гэдгийг албаныханд сануулав.


Холбоотой мэдээ