КАРЕК-ийн "Хөрөнгө оруулалтын чуулган”-д 300 гаруй төлөөлөгч оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-24 17:26:45

 “Эрдэнэс Монгол” ХХК, Азийн хөгжлийн банктай хамтран  КАРЕК-ийн "Хөрөнгө оруулалтын чуулган”-ыг  “Шангрилла” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж эхэллээ.

Төв Азийн бүс нутгийн нэгдмэл байдлыг сайжруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих олон талт харилцааг нэмэгдүүлэх зорилготой тус чуулганд 26 орны 300 гаруй төлөөлөгч оролцож байна.

 Олон улсын болоод дотоодын  хөрөнгө оруулагчид уг чуулганаар "Зөв хөрөнгө оруулалтыг хэрхэн олж тогтоох, хэрэгжүүлэх" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна  бүс нутгийн улс орнууд хамтран шинэ бизнес, шинэ хөрөнгө оруулалтын ямар боломж байгааг эрэлхийлэх юм.  Мөн үеэр CAREC-ийн гишүүн орнуудын өндөр албан тушаалтнууд өөрийн улс орны бизнест хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбаруудаа танилцуулна.

Манай улсын хувьд уул уурхайд суурилсан эдийн засгийг тэнцвэртэй байлгахын тулд  төрөлжүүлэх нь чухал гэдгийг эдийн засагчид онцолж буй юм.  Тиймээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд тус чуулганаар дамжуулан байгалийн нөөцийг оновчтой ашиглаж төрөлжсөн эдийн засгийг бий болгох, тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулах, CAREC-ийн гишүүн орнуудтай хамтран бизнес эрхлэх боломжийг судлах боломжтой хэмээн тодотгож байна.

Дашрамд дурдахад CAREC нь Төв Азийн орнууд эдийн засгийн өсөлтөө түргэсгэх зорилгоор хамтран хэрэгжүүлдэг хөтөлбөр бөгөөд бүс нутгийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг чухалчилдаг.Азербайжан, Афганистан, БНХАУ, Казахстан, Киргиз, Монгол, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Пакистан гэсэн 10 орон CAREC-ийн хөтөлбөрт багтдаг аж. Манай улс 2003 онд гишүүн орноор элссэн бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 300 орчим сая ам.долларын өртөгтэй төсөл, хөтөлбөрүүдийг CAREC-ийн хүрээнд хэрэгжүүлжээ.

CAREC гишүүн орнууддаа НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Исламын хөгжлийн банк, Дэлхийн банк, Германы техник, хамтын ажиллагааны нийгэмлэг, Жайка зэрэг олон улсын байгууллагаар дамжуулан санхүүжилт олгож, гишүүн орнуудынхаа эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд зам тээвэр, эрчим хүч, тээвэр, худалдааны салбарт онцгойлон анхаарлаа хандуулдаг байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд