Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 машины зогсоол барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-25 12:01:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс концессоор гүйцэтгэх төслийн жагсаалтад орсноор, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэмж 460 автомашины зогсоол, дугуйн зам, тохижилт бүхий хэсэг барих юм байна. Уг төслийг “АБГИ” компани өөрийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэхийг НИТХ-ын Тэргүүлэгчид дэмжсэн тогтоол гаргаж, зөвшөөрөл олгов.

Концессоор гүйцэтгэх бүтээн байгуулалтын жагсаалтад нэмж 18 төслийг оруулж буйг Нийслэлийн Инноваци, технологи хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат НИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулав. Тухайлбал энд, 

  • Налайх дахь Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цэвэрлэх байгууламж, төмөр зам, 
  • Эмээлт дэх аж үйлдвэрийн паркийн хэсэгчилсэн бүтээн байгуулалт, 
  • Урт цагааныг шинэчлэн барих төсөл, Алслагдсан байршлуудын автобусны болон таксины зогсоол барих, 
  • Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Наадамчдын гудамжтай холбох босоо тэнхлэгийн зам тавих, 
  • Нийтийн эзэмшлийн талбайд ариун цэврийн 19 байгууламж барих зэрэг төслүүдийг нэмж оруулахаар төлөвлөжээ.

НИТХ-ын Тэргүүлэгч, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан I орлогч Ж.Батбаясгалан төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхэд жагсаалтад иргэдэд зориулсан автозогсоол байгуулах төслийг нэмж оруулах санал гаргасан юм. Тэргүүлэгчид энэ талаар хэлэлцээд, концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулж, ингэснээр дээр дурдсан төслүүдийг хувийн хэвшлийн оролцоотойгоор гүйцэтгэхээр болов.

НИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Хувийн хэвшлээр ажил гүйцэтгүүлнэ гэдэг ажлын байр нэмэгдүүлж буй хэлбэр. Тиймээс ил тод,  нээлттэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй” гэсэн юм. 


Холбоотой мэдээ